Криптовалютын бирж OKX Европ дахь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах шинэ арга барил бүхий Shield хөтөлбөрийг 9 дүгээр сарын 22-нд эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь хэрэглэгчийн бүртгэлийг хөндлөнгийн этгээд хяналтдаа авч, хохирол учруулсан тохиолдолд үзэмжийн дагуу нөхөн төлбөр олгох нөхцөлтэй юм.

Хөтөлбөрт хамрагдахын тулд хэрэглэгчид зургаан алхамт аюулгүй байдлын шаардлагыг бүрэн биелүүлэх ёстой. Үүнд нэвтрэх түлхүүр (passkeys), олон шатлалт баталгаажуулалт (MFA) болон мөнгө татан авах үеийн хамгаалалтын тохиргоонуудыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээнүүд багтаж байна. Энэхүү шаардлагыг хангасан хэрэглэгчийн данс гуравдагч этгээдэд алдагдвал биржийн зүгээс хохирлыг нөхөн олгох асуудлыг хянан үзэх аж.

Хамгаалалтын хязгаар ба ангилал

Нөхөн төлбөрийн хэмжээ нь хэрэглэгчийн зэрэглэлээс хамаарч шатлалтай байна:

* Энгийн хэрэглэгчид: 100,000 хүртэлх евро,
* VIP 1–3 хэрэглэгчид: 250,000 хүртэлх евро,
* VIP 4–6 хэрэглэгчид: 500,000 хүртэлх евро хүртэл нөхөн төлбөр авах боломжтой.

Энэхүү тогтолцоо нь хэрэглэгчдэд аюулгүй байдлын тохиргоогоо заавал хийх томоохон хөшүүрэг болж өгч байна.

Энэ нь даатгал биш

OKX бирж уг хөтөлбөрийн хууль зүйн статусыг тодорхой тайлбарлажээ. Shield нь албан ёсны хадгаламжийн даатгал, хөрөнгө оруулагчдын нөхөн олговор эсвэл хууль тогтоомжийн дагуу заавал олгох баталгаа биш бөгөөд зөвхөн биржийн сайн санааны үндсэн дээр өөрийн үзэмжээр олгох сайн дурын хөтөлбөр юм.

Европын хэрэглэгчдийн хувьд уг хөтөлбөрийн бодит ач холбогдол нь данс алдагдсан бодит тохиолдлуудад гомдлыг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалах хэдий ч энэ нь аюулгүй байдлын тохиргоог санхүүгийн хамгаалалттай холбосон бодит алхам болж байна.