Хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч OpenAI компани өөрийн анхны техник хангамжийг бүтээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэл гарчээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр, тус компани дэлгэцгүй, өөрөө хөдөлгөөнд орох чадвартай төхөөрөмж дээр ажиллаж байна.

Энэхүү төхөөрөмжийг механик элементүүдийн тусламжтайгаар өөрөө хөдлөх чадвартай гэж тодорхойлсон байна. OpenAI-ийн зүгээс энэхүү бүтээгдэхүүнээ зүгээр нэг техник хэрэгсэл гэхээс илүүтэйгээр хэрэглэгчийн "хамтрагч" мэт сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар зохион бүтээж байгаа аж.

Тус төхөөрөмжийн гол зорилго нь OpenAI-ийн алдартай ChatGPT хиймэл оюун ухааныг бодит ертөнцөд биет хэлбэрээр оршин тогтнох боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна. Одоогоор төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан тодорхойгүй байгаа бөгөөд хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна.