Поп хаан гэгддэг, дэлхий даяар алдартай дуучин Майкл Жексоны тухай намтарчилсан кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа билээ. Тэгвэл түүний охин Парис Жексон уг кинонд эцгийнх нь тухай худал мэдээлэл, зохиомол зүйлс ихээр багтсан гэж шүүмжилсэн байна.
Парис Жексон бол жүжигчин, дуучин мэргэжилтэй, Майкл Жексоны ууган охин юм. Тэрээр цахим хуудсаараа дамжуулан киног “бодит байдлаас зөрүүтэй, худал зүйлээр дүүрэн” гэж тодорхойлжээ. Түүний хэлснээр кинонд эцгийнх нь амьдралын үнэн түүхийг гуйвуулсан, зохиомол дүр зураг, худал цуурхал ихээр багтсан гэж үзэж байгаа аж.
Майкл Жексоныг хүүхэд байхаас нь эхлээд амьдралынх нь сүүлийн мөч хүртэлх бүхий л үеийг харуулах уг кинонд маш олон хүн итгэл найдвар тавин хүлээж байгаа. Гэвч Парис Жексоны шүүмжлэл киног үзэх олон нийтийн хандлагад нөлөөлж магадгүй юм. Кино багийнхан Парис Жексоны мэдэгдэлд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.