АНУ-ын Флорида мужийн Палм Харбор хотод байрлах, мэргэжлийн гольфын PGA Tour цувралын Valspar Championship тэмцээнийг хүлээн авдаг алдарт Innisbrook Golf Resort шинэ эзэмшигчтэй болох гэж байна.
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) гаргасан тайлан болон Tampa Bay Business Journal-ийн мэдээлснээр, тус хүрээлэнг эзэмшдэг Salamander Collection компани нь Concert Golf Partners-той худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг хэлцлийн хүрээнд худалдан авагч тал 19.8 сая ам.доллар төлөхөөс гадна зарим өр төлбөр, үүргийг хариуцахаар тохиролцсон бөгөөд хэлцэл энэ оны эцэс гэхэд бүрэн дуусах хүлээлттэй байна.
Энэхүү тохиролцооны дагуу Concert Golf Partners нь тус амралтын хүрээлэнгийн гольфын талбайнууд болон зочлох үйлчилгээний бизнесүүдийг шилжүүлэн авах юм. Innisbrook нь нийт 600 акр талбайтай, зургаан усан бассейн, ресторан, теннисний талбай, спа төвтэй бөгөөд дөрвөн гольфын талбайтайгаас Valspar Championship-ийг жил бүр хүлээн авдаг Copperhead Course нь хамгийн алдартай нь юм. Харин худалдагч тал болох Salamander Collection нь цаашдын бүтээн байгуулалтад зориулж 34 акр газрыг өөртөө үлдээхээр болжээ. Тус компани нь анх 2007 онд Innisbrook-ийг 35 сая ам.доллароор худалдан авч байсан аж.
Хоёр талын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, шилжилтийн үед тус хүрээлэн хэвийн ажиллах бөгөөд шууд үйл ажиллагааны өөрчлөлт хийх төлөвлөгөөгүй байгаа гэжээ. Мөн одоогийн ажилтнуудын багийг хэвээр үлдээхээр төлөвлөж байгаа ба Salamander Collection нь хэлцэл дууссаны дараа зөвлөх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Эзэмшигч солигдож байгаа ч Valspar Championship тэмцээний хувь заяа баталгаатай харагдаж байна. Учир нь уг тэмцээнийг тус талбайд зохион байгуулах гэрээ 2030 он хүртэл хүчинтэй байгаа бөгөөд тэмцээн 2027 онд ч Innisbrook-тээ эргэн ирэхээр төлөвлөгдөөд байна.