Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй Pink Floyd хамтлаг (тэд бол Английн прогрессив рок хамтлаг шүү дээ) Италийн хөлбөмбөгийн Inter Milan клубтэй хүчээ нэгтгэн шинэ загварын коллекцийг танилцуулахаар болсон байна. Энэхүү коллекц нь Pink Floyd-ын 1975 онд гарсан, хамгийн алдартай цомгуудын нэг болох "Wish You Were Here" цомгийн 50 жилийн ойд зориулагдаж байгаа юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь хөгжим, спорт, загвар гэсэн гурван өөр салбарыг нэгтгэж байгаагаараа онцлогтой. "Wish You Were Here" цомгийн уран сэтгэмжтэй, гүн гүнзгий агуулга нь Inter Milan клубийн сонгодог хөх, хар өнгийн хэв маягтай хоршин гайхалтай загварын шийдлүүдийг гаргах болов уу гэдэгт хөгжим болон хөлбөмбөгийн фанатууд ихээхэн найдлага тавьж байна.

Мөн Pink Floyd Football Club (PFFC) цуглуулга гэж бас нэг зүйл гарах гэнэ. Энэ нь 1970-аад онд хамтлагийн гишүүд өөрсдөө байгуулсан хөлбөмбөгийн багаас сэдэвлэсэн капсул цуглуулга юм байна. Тодруулбал, тухайн үед Pink Floyd-ын гишүүд өөрсдөө хөлбөмбөг тоглодог байсан бөгөөд энэ сонирхлоороо нэгдэн PFFC-г үүсгэн байгуулсан түүхтэй.

Харамсалтай нь, энэхүү коллекци хэзээ худалдаанд гарах, ямар төрлийн хувцас, дагалдах хэрэгслүүд багтах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байна. Гэхдээ удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах байх гэж найдаж байна. Uujim.com сайт та бүхэнд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх болно.