Их Британийн ашгийн бус, хөгжмийн зохиогчдын эрхийг хамгаалах PRS for Music байгууллага гүйцэтгэх захирлаар Бен МакОуэн Уилсоныг томилсон талаар мэдээллээ. Тэрээр 2022 оны есдүгээр сараас хойш Google Play болон Google Television-ий EMEA бүсийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.

Бен МакОуэн Уилсон нь өмнө нь YouTube компанид арав гаруй жил ажиллаж, түншлэлийн харилцааны чиглэлээр гол үүрэг гүйцэтгэж байсан. Түүнчлэн тэрээр Их Британийн засгийн газартай хамтран оюуны өмч, инноваци, эдийн засгийн өсөлтийн асуудлаар идэвхтэй ажиллаж иржээ. Түүнийг олон улсын хэмжээнд явуулсан өргөн хүрээтэй хайлт болон сонгон шалгаруулалтын үр дүнд PRS-ийн гишүүдийн зөвлөлөөс сонгосон байна.

Шинэ удирдлагын зорилт

Тэрээр долоон жил ажиллаад албан тушаалаасаа чөлөөлөгдөж буй Андреа Чапари Мартины халааг авч, 10-р сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орох юм. Хиймэл оюун ухаан, тоглоомын салбар болон хөгжим сонсох шинэ хэлбэрүүд эрчимтэй хөгжиж буй энэ үед тэрээр бүтээлч салбарын эрх ашгийг хамгаалах, технологийн дэвшлийг ашиглан гишүүдийнхээ эрх ашгийг дээдлэх зорилт тавин ажиллана.

PRS for Music нь 190,000 орчим дуу зохиогч, хөгжмийн зохиолч болон хэвлэн нийтлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм. Тус байгууллагын 2025 оны санхүүгийн тайлангаар гишүүдийн роялти орлого өмнөх оноос 7.7 хувиар өсөж, 1.24 тэрбум фунт стерлинг буюу 1.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөн саяхан Blur хамтлагийн бөмбөрчин Дэйв Роунтригийн тус байгууллагын эсрэг гаргасан шүүхийн нэхэмжлэлийг Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхээс зохиогчийн эрхийн хуваарилалтын системд шударга бус зүйл байхгүй гэж үзсэн байна.