Японы хөвгүүдийн PSYCHIC FEVER хамтлаг дебют хийснээсээ хойш дөрвөн жилийн хугацаанд эх орондоо болон хилийн чанадад идэвхтэй уран бүтээлээ туурвиж байна. Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг өөрсдийн өвөрмөц онцлог, ялгаатай байдлыг шингээсэн DIFFERENT нэртэй хоёр дахь цомгоо долдугаар сарын 10-нд гаргасан бөгөөд Billboard JAPAN-д Лондонд байх үеэрээ ярилцлага өгчээ.
Хамтлагийн гишүүн Рёога (RYOGA) дэлхийн 15 оронд аялан тоглолт хийж явахдаа долоон гишүүн бүгд өөр өөр дүр төрх, сэтгэлгээ, илэрхийлэлтэй болохыг илүүтэй ойлгосон тухай хуваалцсан юм. Түүний үзэж буйгаар гишүүн бүр өөрийн гэсэн үзүүлбэрийн арга барил, давуу талтай бөгөөд энэхүү олон талт байдал нь орчин үеийн хөвгүүдийн хамтлагуудын дунд ховор, тэдний гол хүч чадал болж чаджээ.
Мөн хамтлагийн гишүүн Жимми (JIMMY) дебют хийснээсээ сарын дараа Тайландад зургаан сарын эрчимтэй бэлтгэл хийхээр явсан үеэ дурссан байна. Тухайн үед “Just Like Dat feat. JP THE WAVY” дуу нь цацагдаж, гадаадын үзэгчдийн зүгээс тэдний өвөрмөц онцлогийг олж харж эхэлснийг ойлгожээ. Өмнө нь нэгдмэл зорилго, нэгэн жигд үзэл баримтлалтай байх ёстой гэж үздэг байсан бол хилийн чанад дахь туршлага нь гишүүн бүрийн давуу талыг үнэлэх боломж олгосон байна. Түүнчлэн шинэ цомгоороо дамжуулан хүн бүр өөрийнхөөрөө өөр байх нь зөв, хүн бүрийн үнэ цэнийг хайрлах хэрэгтэй гэсэн мессежийг хүргэхийг зорьжээ.
Хөгжмийн жанрын хувьд тэд өөрсдийн үндэс суурь болсон хип хоп, R&B чиглэлд төвлөрсөн байна. Жимми өөрийн Нигери гарал үүсэлтэй холбоотойгоор афробит урсгал ч нөлөөлсөн болохыг дурджээ. Түүнчлэн цомгийн “Into You” дуунд гишүүн Рэн (Ren) дахилтын гол хоолойг хүргэж, өөрийн онцлогоо тод харуулсныг хамтлагийн гишүүн Рюүшин (RYUSHIN) онцолсон байна.