Британийн рок хөгжмийн домог Queen хамтлагийн бүтээл YouTube-ийн “Billion Views Club” буюу тэрбум давсан хандалттай дуунуудын эгнээнд дахин нэг удаа бүртгэгдлээ. Энэ удаад тэдний 1978 оны "Jazz" цомогт багтсан "Don’t Stop Me Now" дуу энэхүү босгыг давсан байна.

Энэхүү дуу анх 1979 онд сингл хэлбэрээр гарахдаа АНУ-ын "Hot 100" чартад 86-р байрт орж байсан бол Их Британийн чартад 9-р байрт жагсаж байв. Хэдийгээр тухайн үедээ даруухан амжилт үзүүлж байсан ч сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд кино, телевизийн нэвтрүүлэг болон зар сурталчилгаануудад олонтоо ашиглагдсанаар дахин амьдарчээ. Тухайлбал, Toyota, Silk, Amazon, Pfizer, L’Oreal зэрэг брэндүүдийн сурталчилгаанд эгшиглэж, "Shaun Of The Dead" зэрэг кинонд ашиглагдсан байдаг.

2005 онд Британийн "Top Gear" нэвтрүүлгийн үзэгчид уг дууг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг жолоодлогын дуу”-гаар нэрлэж байв. Мөн Katy Perry, The Vandals, Glee зэрэг уран бүтээлчид болон хамтлагууд өөрсдийн хувилбараар дуулж байсан түүхтэй. Queen хамтлагийн 1981 оны "Greatest Hits" цомогт багтсан энэхүү бүтээл нь 2018 онд гарсан "Bohemian Rhapsody" киноны ачаар дэлхий даяар дахин эрчээ авсан юм.

Queen хамтлаг өмнө нь 2019 оны 7-р сард "Bohemian Rhapsody" дууныхаа клипээр YouTube-ийн тэрбум хандалтын амжилтыг анх удаа тогтоож байсан билээ.