Орчин үеийн R&B урсгалын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй шинэ уран бүтээлч Мак Кэйн өөрийн бие даасан 'Wide Eyed' цомог-оо танилцууллаа. Тэрээр өмнө нь Дестин Конрад, Омар Аполло, Жойс Райс зэрэг уран бүтээлчдийн алдартай төслүүдэд дуу зохиогч, хөгжимчин, продюсер болон дуучны хувиар оролцож байсан туршлагатай нэгэн юм.

Лос-Анжелес хотод төрж өссөн Мак Кэйн нь жүжигчин, дуучин Паула Мулкахи болон Грэммийн шагналд нэр дэвшиж байсан дуу зохиогч Том Кэйн нарын хүү билээ. Түүний өвөө Боб Кэйн нь алдарт Ричи Валенсийн “Donna” / “La Bamba” синглийг гаргаж байсан Del-Fi Records-ийг үүсгэн байгуулсан хүн юм. Хөгжмийн гэр бүлд өссөн тэрээр Нью-Йоркийн их сургуулийн Клайв Дэвисийн нэрэмжит хөгжмийн институтээс карьераа эхлүүлж, 2016 онд “Model Behavior” дуугаараа олны анхааралд өртөж байв.

Өөрийн хөгжмийн замналын талаар Мак Кэйн “Би өмнө нь бүх зүйлийг ганцаараа хийдэг байсан бол бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэдэнд зориулж дуу бичиж, продюсер хийснээрээ би өөрийн юу хийхийг хүсэж байгаагаа, юунд дуртайгаа ойлгосон. Тиймээс би 'Wide Eyed'-ийг өөрийн жинхэнэ анхны цомог гэж харж байна” хэмээн ярьжээ.

Star Trak Entertainment-тай хамтран гаргасан 'Wide Eyed' цомог нь тавдугаар сарын 8-нд сонсогчдын хүртээл болсон юм. Энэхүү цомогт Стиви Уандерын хөгжмийн хэв маяг болон Флитвуд Мак хамтлагийн гитарын аясыг шингээсэн “Honeymoon Dreaming” зэрэг дуунууд багтсан байна. Одоогоор Мак Кэйн өөрийн шинэ цомгийн хүрээнд АНУ-д аялан тоглолт хийж байгаа бөгөөд өөрийн урлагийн шинэ шатанд алхаж байна.