Хиймэл оюун ухааны шинэ эрин эхэлж буй энэ үед уран бүтээлчдийн эрхийн төлөөх тэмцэл АНУ-ын нийслэл Вашингтон хотод өрнөж байна. Billboard-ийн On The Record подкастын шинэ дугаарт хөтлөгч Кристин Робинсонтой Америкийн дуу бичлэгийн холбоо буюу RIAA-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Митч Глейзер оролцон ярилцжээ.
Тэд хөгжим болон улс төрийн огтлолцол, улс төрийн олон асуудал дунд хөгжмийн салбарыг анхаарлын төвд байлгахын ач холбогдлын талаар хэлэлцсэн байна. Мөн хиймэл оюун ухааны ил тод байдал, стандартчилсан шошгожилт болон конгрессоор хэлэлцэгдэж буй NO FAKES Act хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.
Уг хуулийн төслийг анх 2023 онд төсөл хэлбэрээр танилцуулж, 2024 онд албан ёсоор өргөн барьсан бөгөөд 2025 онд дахин өргөн мэдүүлээд байгааг дурдсан юм.
Ярилцлагын үеэр хөтлөгч хиймэл оюун ухааныг урьд өмнө хөгжмийн салбарт гарч байсан Napster-тэй зүйрлэх хандлага байдаг талаар асуухад Глейзер эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Napster-ийн үед салбар болон шүтэн бишрэгчдийн хооронд зөрчил үүссэн бол өнөөдрийн хиймэл оюун ухааны нөхцөлд шүтэн бишрэгчид болон олон нийт салбарынхантай хамт байгааг онцолсон байна.
Түүнчлэн Глейзер улс төрийн хүрээнд хөгжмийн салбарын нөлөөг онцлохдоо, Конгрессын гишүүдээс хуриман дээрээ ямар дуунд бүжиглэснийг нь асуух нь хөгжмийн ач холбогдлыг сануулах "нууц зэвсэг" болдог тухай дурджээ.