Блокчэйн технологийн Ripple компани Люксембург улсад криптовалютын үйлчилгээ үзүүлэгчийн хувьд авсан урьдчилсан зөвшөөрлөө бүрэн эрх бүхий лиценз болгон ахиулснаа зарлалаа.
Энэхүү шийдвэр нь тус компани Европын Холбооны MiCA (Markets in Crypto-Assets) буюу криптовалютын хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын шаардлагыг бүрэн хангаж байгааг баталж байна. Ингэснээр Ripple компани Европын эдийн засгийн бүсийн 30 улс орон даяар төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх, санхүүгийн байгууллагууд болон бизнесүүдтэй хамтран ажиллах боломжтой болж байна.
Ripple нь блокчэйн дээр суурилсан төлбөр тооцооны шийдэл боловсруулдаг олон улсын томоохон компани юм. Тэдний энэхүү алхам нь Европын зах зээл дэх үйл ажиллагааныхаа эрх зүйн орчныг бүрэн баталгаажуулж буй үйл явдал болж байна.