Рок хөгжмийн ертөнцийн ахмад дайчин, Лед Зеппелин хамтлагийн дуучин асан Роберт Плант саяхан Америкийн телевизийн “Late Show”-д оролцож, фэнүүдээ баярлууллаа. Тэрээр өөрийн шинэ хамтлаг Saving Grace-тэй хамт “Higher Rock” хэмээх шинэ дуугаа толилуулсан бөгөөд үүгээр зогсохгүй Лед Зеппелиний үеийнхээ домогт дуу болох “Ramble On”-ыг ч мөн дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв.

Лед Зеппелин бол дэлхий дахинд алдартай, хард рок болон хэви метал хөгжмийн үндэс суурийг тавьсан Британийн хамтлаг юм. Тэдний “Stairway to Heaven”, “Kashmir”, “Whole Lotta Love” зэрэг дуунууд нь хөгжмийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Харин Роберт Плант бол энэхүү хамтлагийн гол дуучин байсан бөгөөд түүний хүчирхэг хоолой, тайзан дээрх гайхалтай үзүүлбэр нь Лед Зеппелиний амжилтанд асар их нөлөө үзүүлсэн юм.

“Late Show”-д дуулсан “Ramble On” дуу нь Лед Зеппелиний 1969 онд гарсан “Led Zeppelin II” цомогт багтсан бөгөөд Плантийн өвөрмөц хоолой, хамтлагийн чадварлаг хөгжимдөлтөөрөө рок хөгжмийн ертөнцөд мөнхөрсөн билээ. Энэхүү дууг дахин дуулахдаа Роберт Плант өөрийн одоогийн хамтлаг Saving Grace-ийн хөгжимчидтэй хамтран дуулсан нь фэнүүдэд нь хуучны дурсамжийг сэргээж, шинэ мэдрэмж төрүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Роберт Плант одоо 75 настай ч гэсэн тайзан дээрх эрч хүч, хоолойны чадвар нь огт буураагүй хэвээр байгаа нь түүнийг хөгжмийн ертөнцөд хэчнээн чухал хүн болохыг харуулж байна. Түүний “Late Show”-д оролцсон бичлэгийг үзэхийг рок хөгжим сонирхогч залуустаа зөвлөж байна.