Хип-хоп хөгжмийн томоохон арга хэмжээ болох Rolling Loud наадам 2027 оны 12 дугаар сард Калифорни мужид дахин зохион байгуулагдахаар болсон талаар тус наадмыг хамтран үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Мэтт Зинглер Billboard сэтгүүлд өгсөн ярилцлагадаа мэдээллээ. Гурван өдөр үргэлжлэх тус наадам 2027 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Сан-Бернардино хотын Nos Events Center-т болох юм.
Өмнө нь 2017 болон 2021 онуудад уг байршилд зохиогдож байсан бөгөөд Мэтт Зинглер томоохон хотуудад наадам зохион байгуулахад шүтэн бишрэгчдэд өртөг өндөр, түгжрэл ихтэй байдаг бол Сан-Бернардино хотод талбайн орон зайг турших боломж илүү байдаг хэмээн онцолжээ. Харин 2023-2025 онуудад Калифорнийн наадам Инглвудын Hollywood Park-д зохион байгуулагдаж, Никки Минаж, Playboi Carti, Трэвис Скотт зэрэг уран бүтээлчид оролцсон байна. Rolling Loud нь 2015 оноос хойш Майами, Нью-Йорк, Португал, Австрали, Канад, Нидерланд, Герман, Тайланд, Австри болон Энэтхэг зэрэг олон оронд наадмаа хүргэжээ.
Наадмын зохион байгуулагчид цар тахал, эдийн засгийн хүндрэл зэрэг бэрхшээлийг туулж ирсэн ч уран бүтээлчдийн сонголтын тал дээр өрсөлдөөн бараг харахгүй байгаагаа Мэтт Зинглер хуваалцсан юм. Тэрээр “Бидэнд өрсөлдөгч байхгүй. Бид бол хамгийн том хип-хоп фестивалийн брэнд” хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр үзэгчидтэйгээ хамт өсөж хөгжихгүй бол брэнд мөхдөг гэдгийг дурдсан байна.
Rolling Loud брэнд дэлхий даяар цар хүрээгээ тэлсээр байгаа бөгөөд дараагийн Флоридагийн наадам 2027 оны 5 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд товлогдоод байна. Түүнчлэн 2025 онд хоёр өдрийн турш 65,000 үзэгч хүлээн авсан гэх Энэтхэг дэх наадам хоёр дахь жилдээ буюу 12 дугаар сарын 12-13-нд Мумбай хотод эргэн ирэхээр төлөвлөгдсөн бөгөөд зохион байгуулагчид үзэгчдийн тоо өмнөхөөсөө ч илүү өснө гэж хүлээж байгаа аж.