Шведийн поп дуэт Roxette хамтлагийн 1987 онд анх гаргасан “It Must Have Been Love” дуу YouTube-ийн тэрбум үзэлтийн клубт албан ёсоор нэгдлээ. Энэ нь тус хамтлагийн хувьд уг платформ дээр тэрбум үзэлт хүрсэн анхны бүтээл болж байна.

Энэхүү дуу нь 1990 онд гарсан “Pretty Woman” киноны дууны санд багтсанаар олон нийтэд илүү танигдсан юм. Киноны төгсгөл хэсгийн сэтгэл хөдөлгөм мөчид эгшиглэдэг энэхүү дуу нь үзэгчдийн сэтгэлд хүчтэй хоногшсон билээ. Дууны клипэнд тухайн киноны дүрсүүд багтсан байдаг бөгөөд талийгаач дуучин Мари Фредрикссоны хүчирхэг хоолой, мэдрэмжтэй гүйцэтгэл нь сонсогчдын таашаалыг ихэд хүртсэн юм.

АНУ-ын Billboard Hot 100 чартад уг дуу 1990 онд хоёр долоо хоногийн турш нэгдүгээр байрт бичигдэж, нийт 25 долоо хоногийн турш чартыг чимж байв. Энэ нь Roxette хамтлагийн АНУ-ын чартад тэргүүлсэн дөрвөн дууны нэг бөгөөд хамгийн удаан хугацаанд тэргүүлсэн бүтээл нь юм. Мөн Их Британийн синглүүдийн чартад гуравдугаар байрт орж, 14 долоо хоногийн турш байр сууриа хадгалж байжээ.

Хамтлагийн гоцлол дуучин Мари Фредрикссон 2002 онд тархины хорт хавдраар оношлогдож, хүнд өвчнийг 17 жилийн турш даван туулсны эцэст 2019 онд таалал төгссөн билээ. Тэрээр амьдралынхаа туршид Roxette хамтлагтайгаа хамт Billboard Hot 100 чартад 12 удаа, Billboard 200 чартад гурван удаа тус тус бүртгэгдэж байсан түүхтэй.

Одоогоор Roxette хамтлаг анхны цомгийнхоо 40 жилийн ойг тохиолдуулан Европ даяар “Live – Back Again! 2026” аялан тоглолтоо хийж байна. Шинэ бүрэлдэхүүнд хамтлагийг үүсгэн байгуулагч, гол хөгжмийн зохиолч Пер Гессле болон Шведийн од Лена Филипссон нар багтан ажиллаж байна.