АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) крипто салбарын хөрөнгө босголтод зориулан гаргасан шинэ саналд худалдан авагч токен авсан даруйдаа чөлөөтэй арилжих боломжийг олгохоор тусгажээ. Энэ нь төсөл гаргагч тал эсвэл өөр хууль тогтоомжоор хязгаарлаагүй л бол хэрэгжих зохицуулалт юм.
Төслийн хөгжүүлэлтийн шатанд дотоод хүмүүс (инсайдерууд) олон нийтээс илүү мэдээлэлтэй байдаг бөгөөд тэдний эрх ашиг нийтийнхтэй тэр бүр нийцдэггүй. Гэсэн хэдий ч SEC-ийн Regulation Crypto Assets санал нь дотоод хүмүүст заавал барих хугацааны хязгаарлалт (lockup) тавихын оронд мэдээллийг ил тод мэдээлэх зарчмыг голлон баримталж байна. Мөн SEC уг дүрмийг эцэслэн батлахаас өмнө нэг жилийн хугацаатай барих шаардлага тавих эсэх талаар санал асуулга явуулж байгаа аж.
Сенатын төсөлтэй харьцуулахад
Энэхүү санал нь АНУ-ын Сенатын 7-р сарын 22-ны CLARITY төсөлтэй эрс зөрчилдөж байна. Сенатын хуулийн төсөлд дотоод хүмүүсийг сүлжээний хяналтын шалгуурыг давах хүртэл токеноо хамгийн багадаа 12 сар, харин шалгуурыг давсны дараа дахин 6 сар заавал түгжиж барихыг шаардахаар тусгасан байна. Түүнчлэн 12 сарын хугацаанд зарах тоо хэмжээнд нь хязгаар тогтоохоор заажээ.
Борлуулалтын хэмжээний хязгаар
SEC-ийн саналд хугацааны хязгаарлалт тавиагүй ч зарах дээд хэмжээг хязгаарласан байна. Тухайлбал, SEC-ийн хөрөнгө босголтын чөлөөлөлтийн дагуу:
* Tier 1 ангилалд жилд нийт 20 сая доллар босгох боломжтой бөгөөд үүний 6 сая долларыг төсөлтэй холбоотой дотоод хүмүүс нийлүүлж болно.
* Tier 2 ангилалд жилд нийт 75 сая доллар босгох боломжтой ба үүнээс дотоод хүмүүс 22.5 сая доллар хүртэлх хэмжээг гаргах эрхтэй.
Үүнээс гадна эхний жилд дотоод хүмүүсийн зарах үнэт цаасны хэмжээг нийт босгосон хөрөнгийн 30 хувиар хязгаарлахаар тусгажээ.