Тоглоомын зориулалттай сандал үйлдвэрлэгч Secretlab компани Marvel-тай анх удаа албан ёсоор хамтран ажиллаж, алдарт Spider-Man баатрын сэдэвтэй шинэ сандлаа танилцууллаа.
Энэхүү хязгаарлагдмал тоогоор гарах Titan Evo Marvel Spider-Man Edition загвар нь улаан болон хар өнгийн хослолтой бөгөөд нурууны түшлэг дээр нь Spider-Man-ий бэлгэдэл болон тор мэт хээг оёж өгчээ. Тус түшлэгийг Secretlab-ийн дэвшилтэт сүлжмэлийн технологиор хийгдсэн SoftWeave Plus даавуугаар бүрсэн байна. Мөн сандлын хажуугийн хэсэг болон суурь дээр Venom дүрсийг санагдуулам бараан тэмтрүүл хэлбэрийн хээг шингээжээ.
Хэдийгээр шинэ загварын гаднах үзэмж өөрчлөгдсөн ч Titan Evo цувралын тав тухыг хангах үндсэн технологиудыг хэвээр хадгалсан байна. Үүнд удаан хугацаанд суухад зориулагдсан хүйтэн цутгуурын хөөсөнцөр (cold-cure foam), даралтыг жигд хуваарилж, завилан суух боломж олгодог суудал, мөн биеийн байрлал өөрчлөгдөхөд нурууны хотгорт таарч тохирдог дөрвөн чиглэлт L-ADAPT нурууны тулгуур багтжээ.
Уг бүтээгдэхүүн нь одоогоор АНУ, Канад болон Европын холбооны зах зээлд албан ёсоор худалдаалагдаж эхлээд байна. Харин бүтээгдэхүүний үнийн мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа бөгөөд дэлгэрэнгүйг Secretlab-ийн сувгуудаас авах боломжтой юм.