АНУ-ын хүнсний болон шатахуун түгээх станцын сүлжээ болох Sheetz компани өөрийн технологийн дэд бүтцэд томоохон өөрчлөлт хийж эхэллээ. Тус компани 2019 оноос хойш ашиглаж ирсэн VMware виртуалчлалын платформоосоо татгалзаж, StorMagic-ийн SvHCI систем рүү шилжихээр болжээ.
Sheetz сүлжээ нь нийт 838 салбар дэлгүүртэй бөгөөд салбар бүр нь Dell R440 эсвэл R450 загварын хоёр серверийг ашигладаг. Одоогийн байдлаар салбар тус бүрт 12-оос 14 виртуал машин (VM) ажиллаж байгаа бөгөөд эдгээрийг шинэ платформ руу шилжүүлэх ажил үргэлжилж байна. Мөн үүний зэрэгцээ Windows 10 үйлдлийн системээс Windows 11-т шилжих зорилгоор нэмэлт хоёр виртуал машиныг солих ажил хийгдэх юм.
Компанийн дэд бүтцийн багийн менежер Скотт Робертсоны мэдээлснээр, нийтдээ 11,000 орчим виртуал машиныг Broadcom компанийн эзэмшлийн VMware платформоос гаргах юм. Одоогоор 600 гаруй салбарын шилжилт дуусаад байгаа бөгөөд сард дунджаар 200 салбарын ажлыг амжуулж байна. Sheetz компани энэхүү томоохон шилжилтийн үйл ажиллагааг ирэх дөрвөн сарын дотор бүрэн дуусгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэмдэглэхэд, тус сүлжээ дэлгүүр шилжилт хийх явцдаа өмнө нь ашиглаж байсан Dell серверийн техник хангамжаа хэвээр үргэлжлүүлэн ашиглах юм.