Америкийн алдарт хүнд металл хөгжмийн Slipknot хамтлаг бараг 30 жил хамт байсан DJ болон даралтат хөгжимчин Сид Уилсонтой цаашид хамтран ажиллахгүй болсноо зарлалаа. Энэхүү мэдээллийг Грэммийн шагналт тус хамтлаг өөрсдийн цахим хуудас болон Инстаграм хуудсаараа дамжуулан наймдугаар сарын 14-ний Баасан гарагт нийтэлсэн бөгөөд уг мэдэгдлийг удалгүй устгасан байна. Гэсэн хэдий ч уг мэдэгдэл тус хамтлагийн 2012 онд үүсгэн байгуулсан хөгжмийн наадам болох «Knotfest»-ийн Инстаграм хуудсанд хэвээр үлдсэн байна.
Тус мэдэгдэлд "Slipknot хамтлаг Сид Уилсонтой цаашид ямар нэгэн байдлаар холбоотой ажиллахгүй бөгөөд түүний цаашдын ажил үйлсэд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ.
Сид Уилсон нь хийн багтай төстэй баг зүүдгээрээ алдартай бөгөөд тэрээр 1998 онд тус хамтлагт ес дэх гишүүнээр элсэж байжээ. Тэрээр хамтлагийнхаа 1999 оны анхны цомог гарахаас өмнө нэгдэж байсан бөгөөд тэд уран бүтээлийнхээ түүхэнд Billboard 200 чартад гурван ч удаа нэгдүгээрт жагсаж, 2006 онд "Before I Forget" дуугаараа Грэммийн шагнал хүртэж байсан түүхтэй.
Өнгөрсөн сард TMZ хэвлэлээс Сид Уилсоныг долдугаар сарын 31-нд хамтлагаасаа халагдсан тухай мэдээлж байсан ч хамтлагийн гишүүн, гитарчин Жим Рүүт Инстаграм хуудсандаа "Уншсан болгондоо бүү итгэ" хэмээн бичиж, уг мэдээлэлд эргэлзээ төрүүлж байсан юм. Түүнчлэн Сид Уилсон өнгөрсөн гуравдугаар сард Келли Осборнтой хийсэн сүй тавилтаа цуцалсан гэх мэдээлэл байгаа бөгөөд одоогоор хамтлагийн зүгээс болон Сид Уилсоноос албан ёсны нэмэлт тайлбар өгөөгүй байна.