Өмнөд Солонгосын хөгжмийн ертөнцийн дөрвөн том толгой болох SM Entertainment, JYP Entertainment, YG Entertainment, HYBE Corporation нар хүчээ нэгтгэж, K-Pop-ын дэлхийн фестиваль зохион байгуулахаар болсон тухай Billboard мэдээллээ.

Фестивалийг түр хугацаанд “FANOMENON” гэж нэрлэж байгаа бөгөөд JYP Entertainment-ийн үүсгэн байгуулагч, алдарт хөгжмийн продюсер J.Y. Park удирдана. Төлөвлөгөөгөөр бол 2027 оны 12-р сард Өмнөд Солонгост нээлтээ хийж, 2028 оноос эхлэн дэлхий даяар өргөжих юм байна.

SM Entertainment нь EXO, Red Velvet, NCT зэрэг хамтлагуудаараа алдартай. JYP Entertainment нь TWICE, ITZY, Stray Kids гэх мэт охид, хөвгүүдийн хамтлагуудаараа танигдсан. YG Entertainment нь BLACKPINK, BIGBANG зэрэг K-Pop-ын түүхэнд томоохон байр суурь эзэлдэг хамтлагуудыг төрүүлсэн. Харин HYBE Corporation нь дэлхий дахинд шуугиан тарьж буй BTS хамтлагийн агентлаг билээ. Эдгээр компаниуд нэгдэж байгаа нь K-Pop-ын фэнүүдийн хувьд маш том сюрприз болж байна.

Одоогоор фестивалийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч, K-Pop-ын шүтэн бишрэгчид 2027 оныг тэсэн ядан хүлээж байна. “FANOMENON” нь K-Pop-ын соёлыг дэлхий дахинд илүү өргөнөөр таниулах, фэнүүдийн харилцааг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.