Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Sony компани аудио болон гэйминг төхөөрөмжүүддээ зориулсан Back to School хямдралаа зарлалаа. Энэхүү хямдрал нь есдүгээр сарын 7-ныг дуустал үргэлжлэх бөгөөд хэрэглэгчид 200 ам.доллар хүртэлх хэмнэлт хийх боломжтой юм.

Чихэвчний онцлох хямдралууд

Шуугиан бууруулагчтай шилдэг чихэвч болох Sony WH-1000XM6 загвар 459.99 ам.доллароос 398 ам.доллар болж 61.99 ам.доллароор хямдарчээ. Тус төхөөрөмж нь HD Noise Canceling Processor QN3 чиптэй бөгөөд уг чип нь өмнөх XM5 загварынхаас долоо дахин хурдан ажилладаг гэж Sony мэдэгдэж байгаа юм. Мөн орчны шуугианыг бодит цаг хугацаанд хаах 12 микрофон, дуудлага хийхэд зориулагдсан 6 микрофоны системтэй ажээ.

Харин жижиг хэмжээтэй утасгүй чихэвч сонирхогчдод зориулсан Sony WF-1000XM6 загвар 329.99 ам.доллароос 298 ам.доллар болж хямдарсан байна. Энэхүү чихэвч нь өмнөх загвараасаа гурав дахин хурдан HD Noise Canceling Processor QN3e чип, IPX4 усны хамгаалалт болон 24 цагийн батерейн цэнэг барих хугацаатай юм. Үүнээс гадна төсөвт ээлтэй загваруудаас Sony WH-CH520 чихэвч 39.99 ам.доллар, WF-C510 нь 49.99 ам.доллар, WF-C710N нь 89.99 ам.доллар болж хямдарчээ.

Спикер болон дэлгэцийн хямдрал

Спикерүүдээс Sony ULT Field 5 загвар хамгийн их буюу 160 ам.доллароор хямдарч, 189.99 ам.доллароор худалдаалагдаж байна. Энэхүү спикер нь хүчирхэг басс дуугаралт, IP67 тоос, усны хамгаалалт, 25 цаг ажиллах батерейтайгаас гадна 10 минут цэнэглээд 2 цаг ашиглах хурдан цэнэглэлтийг дэмждэг. Мөн ULT Field 1, ULT Field 3 болон ULT Field 7 зэрэг загварууд 60-аас 100 ам.долларын хямдралтай байгаа юм.

Түүнчлэн гэйминг төхөөрөмж сонирхогчдод зориулсан Sony 27-inch INZONE M9 II гэйминг дэлгэц 200 ам.доллароор хямдарч, 749.99 ам.доллароор борлуулагдаж байна.