Сансрын технологийн SpaceX компани ирээдүйн гол үнэ цэнээ пуужин эсвэл сансрын хөлөг бус, харин сансрын тойрог зам дахь дата төвүүдэд төвлөрүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү төлөвлөгөө нь дэлхийг тойрсон 1 сая хиймэл дагуулын сүлжээг бий болгох зорилготой юм.
SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск болон тус компанийн хиймэл дагуулын инженерчлэл хариуцсан захирал Иан Дал нар энэ оны зургадугаар сард цацагдсан сурталчилгааны бичлэгээр дамжуулан анхны загвар болох AI1 хиймэл дагуулын талаарх мэдээллийг олон нийтэд анх удаа дэлгэв. Уг төсөл нь хэдэн арван саяас эхлээд 100 сая хүртэлх тооны орчин үеийн GPU буюу график боловсруулагчдыг ажиллуулах хүчин чадалтай дата төвийн үйлчилгээг үзүүлэх зорилготой юм.
Эдгээр хиймэл дагуулын сүлжээ нь нийт 120 ГВт эрчим хүч үйлдвэрлэх чадвартай байхаар тооцоологджээ. Илон Маск сансрын дата төвийн талаарх ерөнхий санаагаа хэдэн сарын өмнө анх дурдаж байсан ч, хиймэл дагуулын хэмжээ болон эрчим хүчний хүчин чадлын нарийвчилсан тоо баримт нь саяхан тодорхой болсон байна. Одоогийн байдлаар сансрын тойрог замд дата төв байгуулах нь хэр зэрэг хүндрэлтэй ажил болох талаарх хэлэлцүүлэг өрнөж байна.