Sony Pictures компани удахгүй нээлтээ хийх Spider-Man: Brand New Day киноны сүүлийн трэйлерийг танилцууллаа. Энэхүү бүтээл нь 2021 онд гарсан Spider-Man: No Way Home киноны үргэлжлэл бөгөөд Tom Holland-ын гол дүрд нь тоглох шинэ гурвалсан цувралын эхлэл болох юм.
Киноны найруулагчаар Shang-Chi and the Legend of the Ten Rings киногоороо алдаршсан Destin Daniel Cretton ажиллаж байна. Өмнөх анги болох No Way Home-д Питер Паркер өөрийг нь дэлхий даяар мартахуйц шившлэгийг Doctor Strange-ээр хийлгэж, олон талт ертөнцийг аварсан ч өөрийн хайртай MJ зэрэг дотнын хүмүүсээсээ бүр мөсөн тусгаарлагдсан гунигтай төгсгөлтэй байсан билээ.
Шинэ киноны үйл явдал Питер Паркерын хувьд цоо шинэ эхлэл болж байна. Тэрээр дэлхий ертөнц өөрийг нь танихгүй болсон нөхцөлд гэмт хэрэгтэй тэмцэхээр зүтгэх бөгөөд хуучин найз нөхөд нь түүнгүйгээр амьдралаа үргэлжлүүлж байгааг харах нь түүнд маш их дарамт учруулна. Энэхүү дотоод өөрчлөлт нь түүнийг хяналтаа алдахад хүргэж болзошгүй ч, хотыг бүхэлд нь заналхийлж буй, хэн ч харж чаддаггүй хүчирхэг шинэ дайснаас хамгаалах цорын ганц арга зам нь байж мэдэх юм.
Киноны гол дүрд Tom Holland эргэн ирж байгаа бөгөөд түүнтэй хамт Zendaya (MJ), Jacob Batalon (Ned Leeds) нар тоглоно. Мөн Jon Bernthal (Punisher), Mark Ruffalo (Hulk), Michael Mando (Scorpion), Charlie Cox (Daredevil) зэрэг алдартай жүжигчид оролцон тоглож байна. Түүнчлэн Marvin Jones III, Liza Colon-Zayas, Eman Esfandi, Trammell Tillman нар шинэ дүрүүдэд тогложээ. Энэхүү хүлээлт үүсгээд буй кино хоёр долоо хоногийн дараа нээлтээ хийхээр товлогдсон байна.