Дэлхийн хөгжмийн стриминг платформ Spotify видео контентын үйлчилгээгээ өргөжүүлж байгаагаа долдугаар сарын 21-ний өдөр зарлалаа. Тус компани өөрийн платформ дээрх хамгийн их үзэлттэй клипүүдийг эрэмбэлэх Music Video Charts Global жагсаалтыг гаргаж эхэлжээ.
Компанийн судалгаагаар сонсогчид албан ёсны хөгжмийн видео эсвэл амьд тоглолтыг үзсэнийхээ дараа тухайн дууг сонсох магадлал 64%-иар илүү байдаг нь тогтоогдсон байна. Мөн видео үзсэний дараа дууг хадгалах эсвэл бусадтай хуваалцах магадлал 1.4 дахин, тухайн уран бүтээлчийн бусад бүтээлийг сонсох магадлал 57%-иар өсдөг ажээ.
Эдгээр өгөгдөлд үндэслэн Spotify дараах шинэчлэлүүдийг хийж байна:
- Өдөр тутмын үзэлтийн тоонд суурилсан шилдэг 50 хөгжмийн видеоны жагсаалт.
- Уран бүтээлчдэд зориулсан видеог шууд байршуулах боломж болон Spotify-ийн редакцийн багт видеог санал болгох (pitching) хэрэгсэл.
- "Best New Videos", "Today’s Top Videos", "Live Performances" зэрэг видео контентод зориулсан тусгай плэйлистүүд.
Үүнээс гадна, Spotify компани Universal Music Group-тэй хийсэн лицензийн гэрээний хүрээнд уран бүтээлчид болон дуу зохиогчдод AI буюу хиймэл оюун ухаанаар бүтээсэн ремикс болон кавер дуунуудыг платформ дээр оруулах боломжийг олгохоор болсон байна. Мөн Live Nation компанитай хамтран "Spotify Reserved" үйлчилгээг нэвтрүүлж, дээд зэрэглэлийн (premium) хэрэглэгчид дуртай уран бүтээлчийнхээ тоглолтын тасалбарыг ботуудаас урьдчилан хамгаалж, илүү хялбар худалдан авах боломжийг бүрдүүлжээ.