Nasdaq хөрөнгийн биржид бүртгэлтэй, өмнө нь MicroStrategy нэрээр танигдсан Strategy компани 2026 оны хоёрдугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тус тайланд дурдсанаар, тэргүүлэгч криптовалют болох Биткойны үнэ огцом унасны улмаас компани 8.22 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Харьцуулбал, 2025 оны мөн үед тус компани 10.02 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллаж байжээ.
Биткойны үнэ 2025 оны аравдугаар сард хүрсэн 126,080 долларын дээд амжилтаасаа бараг 50 хувиар буураад байна. Сүүлийн үеийн мэдээллээр Биткойн 64,745 долларын ханштай байгаа нь оны эхнээс хойш 26 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнтэй холбоотойгоор Strategy компанийн хувьцаа (MSTR) ч мөн 2024 оны оргил үеийн ханшаасаа 80 гаруй хувиар унаад байна.
Компанийн үйл ажиллагаа
Хэдийгээр зах зээлийн нөхцөл байдал хүнд байгаа ч Strategy компани тайлант хугацаанд Биткойны нөөцөө 11 хувиар нэмэгдүүлжээ. Одоогоор тус компани 843,775 Биткойн эзэмшиж байгаа бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 54.6 тэрбум доллар болж байна. Компанийн гүйцэтгэх захирал Фонг Ле мэдэгдэлдээ, тус компани Биткойны үнийн уналтыг даван туулахын зэрэгцээ балансаа бэхжүүлсээр байгааг онцолжээ.
Компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Биткойн худалдан авах бодлогыг санаачлагч Майкл Сэйлор хэлэхдээ: "Биткойны талаарх эргэлзээтэй, сэтгэл зүй сул байгаа энэ үед бид бизнес загвараа хөгжүүлж, дижитал зээлийг шинэ хөрөнгийн ангилал болгон тогтоосоор байна" гэв. Strategy компани сүүлийн таван долоо хоногийн турш Биткойн худалдан авалтаа зогсоож, бэлэн мөнгөө нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байгаа юм.