Метал хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөл болох System of a Down хамтлаг 10 гаруй жилийн дараа Австрали болон Шинэ Зеланд улсад аялан тоглолт хийхээр болжээ. Тэд энэхүү аялан тоглолтынхоо хүрээнд Faith No More хамтлагийг тусгай зочноор урьсан байна.

Аялан тоглолтын тов зарлагдахаас өмнө Мельбурн, Сидней хотуудад System of a Down хамтлагийн бэлгэ тэмдэг бүхий зураг, харин Брисбэн хотод Faith No More хамтлагийн логог гэрлээр тусгасан нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаад байсан юм. Энэхүү тоглолтууд 2027 оны 1-р сарын 22-нд Сиднейн Accor цэнгэлдэх хүрээлэнгээс эхлэх бөгөөд 2-р сарын 7-нд Веллингтон хотод өндөрлөнө.

System of a Down хамтлагийн хувьд 2005 оноос хойш студийн шинэ цомог гаргаагүй ч тэдний "Mezmerize" болон "Hypnotize" цомгууд Billboard 200 жагсаалтыг тэргүүлж байсан түүхтэй. Тэд 2001 онд гаргасан "Toxicity" цомгоороо дэлхий даяар сая сая хувь борлуулж байсан бол Faith No More хамтлаг нь 1989 оны "Epic" дуугаараа алдаршсан, рэп-рок урсгалыг хөгжүүлэгчдийн нэг юм.

Тоглолтын тасалбар 7-р сарын 31-нээс эхлэн худалдаанд гарах бөгөөд PayPal First Access болон хамтлагийн бүртгэлтэй шүтэн бишрэгчдэд зориулсан урьдчилсан захиалга 7-р сарын 28, 29-ний өдрүүдэд эхлэх юм. Энэ нь System of a Down хамтлагийн хувьд 2012 оноос хойш Австралид хийж буй анхны тоглолт болох бол Faith No More хамтлаг хамгийн сүүлд 2015 онд тус бүс нутагт тоглож байжээ.