The 1975 хамтлагийн ахлагч, дуучин Мэтти Хили болон загвар өмсөгч, Nasty Cherry хамтлагийн гишүүн асан Габриетт Бечтел нар энэ амралтын өдрүүдэд гэр бүл боллоо. Хосуудын хурим Лос-Анжелес хотын Холливудын толгод дахь Мадоннагийн хуучин эдлэн болох Castillo del Lago-д болсон байна.
Хуримын ёслолд олон алдартан оролцсоны дотор Charli XCX болон түүний нөхөр, The 1975 хамтлагийн гишүүн Жорж Даниел нар байлцжээ. Мөн Анатасия Караниколау, Фай Хадра, Алекс Консани, Девон Ли Карлсон болон түүний сүйт залуу Дюк Николсон тэргүүтэй олон хүн оролцсон байна. Сошиал сүлжээнд цацагдсан бичлэгүүдээс үзэхэд шинэхэн хосууд хуримын ёслолын үеэр үнсэлцэж, зургаа авахуулж байгаа нь харагджээ.
Хуримын өмнөхөн Мэтти Хили Малибуд өөрийн хамтлагийн хүндэтгэлийн тоглолтыг хийсэн байна. Тэрээр The 1975 хамтлагийн дуунуудыг дуулж, тайзан дээр өөртэйгөө адилхан харагдах хүнийг урьж гаргажээ. Хосууд 2024 онд Charli XCX-ийн тоглолтын үеэр сүй тавьснаа албан ёсоор баталж байсан юм.
Хамтлагийн хувьд шинэ цомог дээр ажиллаж байгаа бөгөөд 'DOGS' нэртэй цомог гарах тухай мэдээлэл бий. Хамтлагийн менежер Жейми Оборн шинэ уран бүтээлүүд нь ихээхэн онцгой байх болно хэмээн онцолсон байна. Түүнчлэн Мэтти Хили Tiny Habits хамтлагтай хамтран 'Anything He Was' нэртэй шинэ дуу гаргаад байгаа билээ.