2017 онд дэлгэцэнд гарч үзэгчдийг байлдан дагуулсан “The Greatest Showman” кино тайзны мюзикл болон үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус мюзикл 2027 оны хавар Лондон хотын Вест Энд дэх “Theatre Royal Drury Lane” театрт нээлтээ хийхээр товлогдсоныг “Disney Theatrical Group” зарлалаа. Энэхүү мэдээллийг Калифорни мужийн Анахайм хотын “Honda Center”-т болсон “D23: The Ultimate Disney Fan Event” арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулсан байна.
Үүнээс өмнө тус уран бүтээл “Bristol Hippodrome” театрт дэлхийн анхны нээлтээ хийж, бүх тасалбар нь бүрэн зарагдаж дууссан амжилтыг үзүүлээд байсан юм.
Гол дүрийн жүжигчид болон шинэ уран бүтээл
Вест Эндийн тайзнаа тавигдах хувилбарт гол дүр болох П.Т.Барнамын дүрийг Оливер Томпсетт (Oliver Tompsett), түүний эхнэр Чарити Барнамын дүрийг Саманта Баркс (Samantha Barks) нар бүтээхээр болжээ. Мөн Филип Карлайлын дүрд Бен Жойс, Женни Линдийн дүрд Важен ван ден Бош, Летти Лутцын дүрд Малинда Пэррис нар тоглох бөгөөд бусад жүжигчдийн нэрсийг дараа зарлах аж.
Киноны гол дуунуудыг зохиосон Бенж Пасек, Жастин Пол нар мюзиклийн хөгжим дээр дахин ажиллаж, тайзны бүтээлд зориулсан цоо шинэ дуунуудыг нэмж зохиож байна. Мөн киноны алдартай “The Greatest Show”, “A Million Dreams”, “Come Alive”, “Rewrite the Stars”, “Never Enough” болон 2018 онд шилдэг киноны дуугаар “Алтан бөмбөрцөг” хүртсэн “This Is Me” зэрэг бүтээлүүд мюзиклд эгшиглэх юм. Уг мюзиклийн зохиолыг Тим Федерле бичиж, найруулагч болон бүжиг дэглээчээр Кейси Николо ажиллаж байна.
Хью Жекманы гол дүрд нь тоглосон 2017 оны уг киноны саундтрек цомог асар том амжилт олж, 2018 онд Billboard 200 жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж байсан билээ.