Америкийн хип хоп ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг, 2018 онд таалал төгссөн Mac Miller (жинхэнэ нэр нь Malcolm James McCormick)-ийн дурсгалд зориулсан хувцасны цуглуулга маш хурдан зарагдаж дууссан нь фэнүүдийг нь ихэд гайхшруулж байна. Mitchell & Ness брэндийн үйлдвэрлэсэн энэхүү цуглуулгад Mac Miller-ийн төрсөн хот болох Pittsburgh хотын Америк хөлбөмбөгийн баг болох Pittsburgh Steelers-ийн лого бүхий хувцаснууд багтсан аж.
Энэхүү хамтарсан цуглуулга нь Mac Miller-ийн фэнүүд болон Steelers-ийн хөгжөөн дэмжигчдийн дунд ихээхэн эрэлттэй байгаа бөгөөд худалдаанд гараад хэдхэн минутын дотор бүх бараа зарагдаж дууссан байна. Одоогийн байдлаар зарим онлайн дэлгүүрүүдэд цөөн хэдэн размер үлдсэн байгаа ч олж авахад маш хэцүү байгаа гэнэ.
Mac Miller нь амьд ахуйдаа өөрийн уран бүтээлээрээ залууст маш их нөлөө үзүүлсэн бөгөөд түүнийг хүндэтгэн дурсаж, хувцсыг нь авах гэсэн фэнүүдийн хүсэл эрмэлзэл нь үүнийг нотолж байна. Энэхүү хязгаарлагдмал тоотой цуглуулга нь дахин худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байгаа тул фэнүүд нь үлдсэн хэдэн барааг авахын тулд хоорондоо өрсөлдөж байна.