Панк рок хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийн нэг The Offspring хамтлагийн гоцлол дуучин Декстер Холланд Германы алдартай электрокор хамтлаг Electric Callboy-той хамтарч шинэ уран бүтээлээ танилцууллаа. Энэхүү 'Let the Good Times Roll' нэртэй дуу нь сонсогчдын дунд хүлээлт үүсгээд байсан бөгөөд хоёр өөр үеийн, өөр хэв маягийн уран бүтээлчдийн нэгдэл болж байна.

Electric Callboy нь өөрсдийн эрч хүчтэй, хөгжилтэй хэмнэл, электро хөгжим болон металкорыг хослуулсан өвөрмөц стилиэрээ залуусын дунд маш алдартай хамтлаг юм. Харин 1984 онд байгуулагдсан The Offspring нь панк рок урсгалыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлсэн домогт хамтлагуудын нэг билээ.

Хамтын ажиллагааны талаар Декстер Холланд ярихдаа: "Electric Callboy-оос энэ дууны демо хувилбарыг хүлээж аваад сонсоход л нүүрэнд минь инээмсэглэл тодорсон. Тэдний хөгжмийн хэмнэл, эрч хүч нь биднийг шууд л татсан" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Энэхүү дуу нь хоёр хамтлагийн хөгжмийн өвөрмөц онцлогийг шингээсэн, сонсоход эрч хүч өгөхүйц бүтээл болсон бөгөөд олон улсын хөгжмийн платформуудад цацагдсан даруйдаа шүтэн бишрэгчдийнх нь дунд эерэг хүлээлттэй байна. Электрокор болон панк рок хөгжмийн энэхүү гэнэтийн нэгдэл нь хөгжмийн ертөнцөд шинэлэг өнгө аяс нэмж байна.