АНУ-ын телевизийн алдартай реалити бүтээл болох “The Real Housewives” франчайз анх “The Real Housewives of Orange County” нэртэйгээр цацагдаж байснаас хойш 20 гаруй жил өнгөрчээ. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Bravo суваг “The Real Housewives Ultimate Girls Trip: Roaring 20th” нэртэй 9 ангит тусгай цувралыг гаргаж байна. Шинэ ангиуд ням гарагийн үдэш Bravo сувгаар цацагдаж, дараагийн өдөр нь Peacock платформ дээр байршиж байгаа юм.
Нью-Йорк, Атланта, Беверли Хиллс, Майами зэрэг олон хотын цувралуудад оролцсон эмэгтэйчүүд зөвхөн дэлгэцээр гараад зогсохгүй клубийн хит дуунуудыг гаргаж, хөгжмийн ертөнцөд хүч үзсээр ирсэн түүхтэй. Тухайлбал, шинэ тусгай дугаарт оролцож буй Порша Уильямс “Хэрэв гэрийн эзэгтэй нар ямар нэг зүйл хийхээр шийдсэн л бол дуучны хувьд тун өөртөө итгэлтэй байдаг” хэмээн онцолжээ.
Энэхүү поп амбицын анхдагч нь 2007 онд 26 настайдаа тус шоуны хоёрдугаар улиралд оролцож байсан Жо Де Ла Роса байв. Хөгжимчин Хуан Карлос Контрерасын охин тэрбээр анхнаасаа дуучин болох бус, харин Бритни Спирс, Кристина Агилера зэрэг одуудад дуу бичиж өгдөг ая зохиогч болох хүсэлтэй байснаа Billboard-д ярьжээ. Гэвч Лос-Анжелест реппер Won-G-тэй санамсаргүй танилцсанаар тэрбээр тайзны ард бус, шууд микрофоны өмнө гарч дуу дуулах болсон байна.