Нью-Йорк хотын алдарт инди-рок The Strokes хамтлаг 11 дүгээр сарын 7-ны "Saturday Night Live" (SNL) шоунд хөгжмийн зочноор оролцож, шинэ цомгийнхоо уран бүтээлүүдийг толилууллаа. Druski-гийн хөтлөн явуулсан тус дугаарт тэд долоо дахь студийн цомог болох "Reality Awaits"-д багтсан "Lonely in the Future" болон "Going Shopping" дуунуудаа амьдаар дуулсан байна.

Жулиан Касабланкасаар ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг эхлээд "Lonely in the Future" дуугаа гэрэлтүүлгийн өвөрмөц шийдэл, сэтгэл татам визуал орчинд толилуулжээ. Тоглолтынхоо дараа тэд уг дууны албан ёсны клипийг цацсан бөгөөд уг дүрс бичлэгт Их Британийн хошин цуврал "Spitting Image"-ийн багтай хамтран бүтээсэн гар хийцийн хүүхэлдэйнүүд дүр бүтээсэн байна.

Харин хамтлагийн үзүүлбэрийн хамгийн онцлох мөч нь "Going Shopping" дуун дээр тохиов. "Fallout" цувралын од, нэрт жүжигчин Уолтон Гоггинс хар хослол, нарны шилтэй тайзан дээр гэнэт гарч ирж, хамтлагтай хамт бонго бөмбөр тогложээ. Тэрээр өмнө нь тус дууны клипэнд бүтээсэн дүрээ ийнхүү тайзан дээр дахин амилуулсан нь энэ юм.

Энэхүү тоглолт нь The Strokes хамтлагийн хувьд NBC телевизийн уг инээдмийн шоун дээр зочноор оролцсон дөрөв дэх тохиолдол болж байна. Тэд анх 2002 оны 1 дүгээр сард тус шоунд хөл тавьж байсан бөгөөд дараа нь 2006 болон 2011 онуудад оролцож байжээ.

Долдугаар сард гарсан тэдний есөн дуутай "Reality Awaits" цомог нь Коста Рикад алдарт продюсер Рик Рубины удирдлага дор бичигдсэн бөгөөд Billboard 200 чартын 13-р байр, "Top Rock & Alternative Albums" жагсаалтын 5-р байрт тус тус бичигдээд байна.