АНУ-ын NBC сувгийн “The Voice” шоуны 30 дахь улирлын “Battle” буюу халз тулааны шатанд Атланта хотоос гаралтай уран бүтээлчид болох Чари болон Маркус Ладден нар хүч үзлээ. Тэд 1986 оны Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан Патти ЛаБелль, Майкл МакДональд нарын алдарт “On My Own” дууг хамтран дуулсан юм.
Өдгөө 31 настай, мэс заслын технологич мэргэжилтэй Чари нь сонгон шалгаруулалтын шатанд дөрвөн шүүгчийг бүгдийг нь эргүүлж чадсан бөгөөд Куин Латифагийн багийг сонгосон байв. Харин 19 настай Маркус Ладден мөн л Куин Латифагийн багт нэгдээд байсан бөгөөд энэ удаагийн шатанд тэд өөр хоорондоо өрсөлдөхөөр болжээ. Тус багийн зөвлөхөөр дуучин Патти ЛаБелль өөрөө ажилласан нь оролцогчдод нэмэлт шалгуур болов.
Тэдний үзүүлбэрийг шүүгчид өндрөөр үнэлэв. Райли Грин тэдний хоолойн чадварыг магтсан бол Келли Кларксон Маркусын хоолойн өнгө танхимыг дүүргэж байсныг онцолж, Чаригийн дуулалтыг хүчин чармайлт шаардаагүй мэт хөнгөн байсныг дурдсан байна. Мөн шүүгч Адам Левин Маркусыг өөрт тулгарсан сорилтыг даван туулж, гайхалтай ажилласныг тэмдэглэжээ.
Багийн ахлагч Куин Латифа хүнд сонголт хийх шаардлагатай болж, эцэст нь Чариг ялагчаар сонгосон байна. Гэсэн хэдий ч шүүгч Келли Кларксон өөрийн “steal” эрхийг ашиглан Маркус Ладденыг багтаа авснаар хоёр оролцогч хоёулаа тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжтой боллоо.