Өнгөрсөн жил Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 16 жилийн турш ашигласан The Weeknd гэх дүр төрхөөсөө татгалзаж, карьерынхаа дараагийн үе шатанд шилжихэд бэлэн болсноо мэдэгдэж байсан дуучин Abel Tesfaye бодлоо өөрчилжээ.

Өдгөө 36 настай тэрбээр 2011 оноос хойш The Weeknd нэрээр уран бүтээлээ хүргэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сард Стокхольм хотод болсон тоглолтынхоо үеэр цугласан олонд хандан, бүрмөсөн алга болохгүй бөгөөд хийж буй зүйлдээ дэндүү хайртай тул зодог тайлах бодлоосоо буцсанаа дуулгасан байна.

Тэгвэл саяхан GQ Hong Kong сэтгүүлд өгсөн шинэ ярилцлагадаа өөрийн энэ шийдвэрийг тодруулан тайлбарлажээ. Тэрбээр түр алга болно гэдэг нь олон ажил зэрэг хийхийн оронд бүх эрч хүчээ зөвхөн нэг төсөлд төвлөрүүлэхийг хэлж буй хэрэг хэмээн онцолсон байна.

Тесфайе сүүлийн таван жилийн хугацаанд дөрвөн концепт цомог, тоолж баршгүй олон клип, телевизийн шоу, бүрэн хэмжээний кино бүтээж, дэлхийг тойрсон нүсэр аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаагаа дурджээ. Тиймээс хэсэг хугацаанд “ичих” буюу түр завсарлага авах нь зүйн хэрэг гэж үзэж байгаа ч энэ нь урлагаас бүрмөсөн холдож байгаа хэрэг биш гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн тэрбээр сүүлийн нэг жилийн хугацаанд асар их онгод урам авсан тул үүнийг дэмий үрэхгүйн тулд чадах чинээгээрээ удаан уран бүтээлээ туурвих төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцжээ.

Дуучин хоёр долоо хоногийн өмнө Португалын Лиссабон хотод хоёр өдрийн тоглолтоо амжилттай дуусгасан бөгөөд одоо After Hours til Dawn аялан тоглолтоо Ази тивийн орнуудад үргэлжлүүлэхээр бэлтгэж байна. Түүний аялан тоглолт Японы Токорозава хотоос эхлэн Индонез, Сингапур, Өмнөд Солонгос, Тайланд, Хонконг зэрэг орнуудаар үргэлжилж, ирэх 11 дүгээр сарын 4-5-нд Малайзын Куала Лумпур хотод өндөрлөх юм.