Дэлхийд алдартай Tomb Raider цувралын шинэ адал явдалт тоглоом болох Catalyst-ын нээлтийн хугацааг албан ёсоор хойшлуулжээ. Өмнө нь тус тоглоомыг 2027 онд гаргахаар төлөвлөж байсан ч, Amazon-ы тоглоомын салбарын тэргүүн Жеффри Гаттис саяхан хийсэн мэдэгдэлдээ уг тоглоом 2028 онд гарах болсныг баталсан байна.

Crystal Dynamics компани өнгөрсөн оны сүүлээр Tomb Raider-ийн хоёр төсөл дээр ажиллаж байгаагаа зарласан билээ. Үүнд анхны тоглоомын шинэчилсэн хувилбар болох Tomb Raider: Legacy Of Atlantis болон цоо шинэ түүхийг өгүүлэх Catalyst багтаж байсан юм. Одоогоор Catalyst-ын нээлтийг хойшлуулсан тодорхой шалтгааныг албаныхан тайлбарлаагүй байна.

Түүнчлэн, Legacy Of Atlantis тоглоомын хувьд 2027 оны хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийхээр товлогдоод байгаа юм. Хоёр тоглолтод хоёуланд нь жүжигчин Алик Уилтон Риган Лара Крофтын дүрийг бүтээхээр болжээ.

Тоглоомын үйл явдлын тухайд, Catalyst нь Энэтхэгийн хойд хэсэгт өрнөх бөгөөд нууцлаг хүчнүүд болон эртний нууцуудыг илрүүлэх Лара Крофтын шинэ адал явдлыг харуулах юм. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн эрдэнэсийн эрэлчидтэй өрсөлдөж, дэлхийг сүйрлээс аврахын тулд хэнд итгэхээ шийдэх хэрэгтэй болно.

Үүнээс гадна, Amazon Prime Video дээр Tomb Raider-ийн цуврал кино бүтээгдэж байгаа бөгөөд Лара Крофтын дүрд Софи Тёрнер тоглохоор болсон билээ. Софи Тёрнер өөрийн бүтээх дүр нь зөвхөн гадаад үзэмжээрээ бус, харин Ларагийн хүчирхэг, чадварлаг талыг харуулах болно гэдгийг онцолсон байна.