Америкийн алдартай реппер Travis Scott, Don Toliver болон JACKBOYS хамтлагийн бусад уран бүтээлчид 2019 онд гаргасан “What To Do?” хит дууныхаа улмаас зохиогчийн эрхийн маргаантай тулгараад байна.

“Early Yellow” нэрээрээ танигдсан Израилын хөгжмийн продюсер Нив Калиски тэднийг шүүхэд өгсөн тухай Billboard сэтгүүл анх мэдээллээ. Түүний гаргасан гомдолд дурдсанаар, Travis Scott-ийн Cactus Jack Records лейблийн уран бүтээлчдийн ашигласан сэмплийг тэрээр анх бүтээсэн бөгөөд уг сэмплийн мастер роялти авах ёстой байсан ч зохих төлбөрөө аваагүй гэж буруутгажээ.

Калиски нь “What To Do?” дууны зохиолч болон нэмэлт продюсероор бүртгэгдсэн тул ая зохиогчийн хувиар орлого хүлээн авсан аж. Гэвч уг бүтээлийн эцсийн дуугаралтад холигдсон сэмпл битийг нийлүүлснийхээ төлөө мастер роялти хүртэх эрхтэй гэж түүний тал үзэж байна.

Гомдолд дурдсанаар, Калискигийн хуульчид сүүлийн жилүүдэд Cactus Jack болон түүний түгээгч түнш Sony’s Epic Records руу төлбөр шаардсан хүсэлт олон удаа илгээсэн боловч амжилтад хүрээгүй гэнэ. Түүнчлэн түүний баг уг дууг Spotify, Apple Music зэрэг стриминг платформуудаас буулгуулах хүсэлт явуулсан ч Sony компани сөрөг мэдэгдэл илгээн уг хүсэлтүүдийг цуцалсан гэж гомдолд дурджээ.

Нэхэмжлэгч Нив Калиски одоо Cactus Jack, Sony, Travis Scott, Don Toliver, JACKBOYS-ийн гишүүн Sheck Wes болон уг дуун дээр ажилласан бусад продюсеруудыг зохиогчийн эрх зөрчсөн хэмээн шүүхэд хариуцагчаар татаад байна. Тэрээр дууны цомог борлуулалт, стриминг болон лицензээс олсон нийт орлогын тодорхой хэсгийг гаргуулахыг шаардаж байгаа аж.

Энэхүү шүүхийн нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч талуудын төлөөлөгчид Billboard-ийн тодруулгад шууд хариу өгөөгүй байна.