Криптовалютын хамгийн алдартай техник хангамжийн түрийвч (hardware wallet) үйлдвэрлэгчдийн нэг Trezor компани өнгөрсөн сард анх мэдэгдсэн дата алдагдлын цар хүрээ өмнө мэдээлснээс хамаагүй их байгааг зарлалаа.

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотод төвтэй тус компанийн мэдээлснээр, АНУ-ын дахин 67,000 хэрэглэгчийн нэр, цахим шуудан, утасны дугаар, хүргэлтийн хаяг болон захиалгын дугаар задарсан байна. Эдгээр мэдээлэл нь 2019 оны 11-р сараас 2021 оны 8-р сарын хооронд хийгдсэн захиалгуудаас алдагджээ. Үүнээс гадна өөр 1,947 хэрэглэгчийн нэр, хот болон цахим шуудангийн хаяг мөн ил болсон байна.

Түнш компанийн хариуцлагагүй байдал

Trezor наймдугаар сард анх АНУ, Их Британи, Швед, Колумб, Бразил, Итали, Португал зэрэг улсын 11,742 хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тухай зарлаж байсан юм. Тухайн үед хүргэлтийн түнш ShipMonk компанийн системд зөвшөөрөлгүй хандалт үүссэний улмаас дата алдагдсан гэж тайлбарлаж байв.

Харин шинэ мэдэгдэлдээ Trezor хүргэлтийн түнш ShipMonk компани нь хэрэглэгчдийн мэдээллийг устгасан гэж худал баталгаа өгч байсныг онцолжээ. "Бид ShipMonk-той хамтран ажиллах бүхий л хугацаандаа гэрээ, мэдээллийн бодлогын дагуу датаг устгахыг удаа дараа шаардаж, бичгээр баталгаажуулалт авч байсан. Гэтэл тэдний системээс уг мэдээлэл устаагүй байсанд маш их сэтгэл дундуур байна" хэмээн Trezor мэдэгдсэн юм. Тус компани холбогдох бүх хэрэглэгчдэд цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тэдний толгой компани болох SatoshiLabs уг хэргийг шалгаж байгаа ажээ.

Крипто хэрэглэгчдийн дата өмнө нь ч онилогдож байв

Криптовалютын хэрэглэгчдийн хувийн мэдээлэл кибер гэмт хэрэгтнүүдийн бай болсон анхны тохиолдол энэ биш юм. Тухайлбал, 2020 онд өөр нэг алдартай техник хангамжийн түрийвч үйлдвэрлэгч Ledger компанийн цахим худалдаа, маркетингийн системд зөвшөөрөлгүй этгээд нэвтэрч, 1 сая гаруй цахим шуудангийн хаяг болон 10,000 орчим хэрэглэгчийн холбоо барих хувийн мэдээлэл алдагдаж байжээ. Мөн энэ оны эхээр Ledger-ийн төлбөрийн түнш Global-e компанийн үүлэн системээс хэрэглэгчийн эмзэг мэдээлэл задарсан талаар мэдэгдэл гарч байсан билээ.