Бие даасан уран бүтээлчдэд санхүүжилт олгодог beatBread платформ шинэ гүйцэтгэх захирлаараа (CEO) Андреа Глисоныг томилсноо пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. Тэрээр 2025 оны наймдугаар сард компанийн үүсгэн байгуулагч, CEO Питер Синклэйр таалал төгссөний дараа түр хугацаанд тус үүргийг гүйцэтгэж байсан Трэйси Мэддаксын халааг авч байна.

Андреа Глисон нь Believe компанийн эзэмшлийн хөгжмийн дистрибьютер TuneCore-д 2015 онд орж, 2021 онд гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Түүний удирдлага дор TuneCore дэлхийн хэд хэдэн шинэ зах зээлд өргөжин тэлж, уран бүтээлчдийг хөгжүүлэх үйлчилгээ болон TuneCore Accelerator платформыг эхлүүлж байжээ.

Санхүүжилт ба технологийн өргөжилт

2020 онд байгуулагдсан beatBread нь уран бүтээлийнхээ эрхийг өөртөө үлдээхийг хүсдэг бие даасан артистууд болон лейблүүдэд хөрөнгө олгох зорилготой бөгөөд одоогоор 2,000 орчим гүйлгээгээр дамжуулан уран бүтээлчдэд 100 сая ам.долларын урьдчилгаа олгосон гэж мэдэгдээд байна.

Шинэ захирал Глисоны ажлын гол чиглэл нь тус компанийн өнгөрсөн онд Citi, Deciens Capital болон бусад хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн 124 сая ам.долларын зээл болон өөрийн хөрөнгийн тодорхой хэсгийг хиймэл оюун ухаанд суурилсан санхүүжилтийн технологийг олон улсад өргөжүүлэхэд зарцуулах юм. Мөн тэрээр beatBread-ийн chordCashAI технологийг улам хөгжүүлэх, лейбл болон дистрибьютерүүдтэй харилцаагаа тэлэх чиглэлээр ажиллахаар болжээ.

Түүнчлэн Трэйси Мэддакс болон Андреа Глисон нар хоёулаа beatBread компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар томилогдсон байна.