Африк гаралтай, Грэммийн шагналт дуучин Tyla өөрийн шинэ цомог болох «A*Pop»-ыг сурталчлах дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийхээ зарлалаа. Тэрээр хоёр дахь цомгоо гаргаснаас хойш удалгүй энэхүү томоохон аялалдаа гарахаар төлөвлөөд байна.
Энэхүү 34 өртөө бүхий аялан тоглолт аравдугаар сарын 12-нд Парист эхлэх бөгөөд Европын Амстердам, Лондон, Брюссель, Стокгольм зэрэг хотуудаар үргэлжилнэ. Үүний дараа арваннэгдүгээр сарын 12-ноос эхлэн Хойд Америкийн хотуудад, тухайлбал Уитленд, Ванкувер, Чикаго, Бостон, Нью-Йорк, Сан Диего болон Лас Вегаст тоглох юм. Аялан тоглолт 2027 оны эхэн хүртэл үргэлжилж, Лагос, Кэйптаун болон Йоханнесбург зэрэг Африкийн хотуудад өндөрлөнө.
Tyla нь өөрийн "Water" дуугаараа Billboard Hot 100 жагсаалтын 7-р байрт бичигдэж, 2024 онд гарсан өөрийн нэрэмжит цомгоороо Billboard 200 жагсаалтын 24-р байрт орж байсан амжилттай. Тэрээр мөн 2025 оны Billboard-ын "Women in Music" арга хэмжээний үеэр Impact Award шагналыг хүртэж, Африк хөгжим болон апиано урсгалыг дэлхий дахинд түгээхэд оруулсан хувь нэмрээ үнэлүүлжээ.
Аялан тоглолтын тасалбар долоодугаар сарын 29-нөөс эхлэн уран бүтээлчийн урьдчилсан захиалгаар, харин ерөнхий худалдаа долоодугаар сарын 31-нээс эхлэн тус тус нээлттэй болно. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг дуучны албан ёсны цахим хуудаснаас авах боломжтой.