АНУ-ын UCLA (Калифорнийн их сургууль)-ийн гимнастикийн багийн тамирчин асан Грэйси Крамер цахим сүлжээнд нийтэлсэн бичлэг болон тайлбараасаа болж олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртөөд байна.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 20-нд TikTok хуудсандаа агаарт эргэлт хийж буй бичлэгээ нийтлэхдээ “Хэн нэгэн надаас хамгийн их айдаг зүйлийг минь асуухад би ‘спортлог бус хүүхэдтэй болох’ гэж хэлж чадахгүй тул зүгээр л живэхээс айдаг гэж хариулдаг” гэсэн бичвэр оруулжээ. Мөн тайлбар хэсэгтээ энэ бол тоглоом шоглоом гэдгээ илэрхийлсэн ч олон нийт үүнийг нь таатай хүлээж авсангүй.
X (хуучнаар Twitter) платформ дээр нэгэн хэрэглэгч түүний бичлэгийг дахин хуваалцаж, хүүхдүүдийг спортоор хичээллэхийг дэмжих нь зөв боловч бүх хүүхэд тамирчин болохыг хүсдэггүй, зарим нь урлаг, театр зэрэг өөр зүйлийг сонирхож болно гэдгийг онцолсон байна. Түүнчлэн өөр нэг хэрэглэгч түүнийг тоглоом байсан ч ийм зүйл ярих нь утгагүй хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.
Грэйси Крамер зургаан настайгаасаа эхлэн гимнастикаар хичээллэсэн бөгөөд 2018 онд UCLA-ийн багийн хамт NCAA-ийн аварга болж байсан тамирчин юм. Тэрбээр шалны дасгалын төрлөөр 2019, 2020 онд “All-American” өргөмжлөл хүртэж, 2020 оны нэгдүгээр сарын 31-нд төгс 10 оноо авч байв. Гэвч тухайн онд цар тахлын улмаас улирлын тэмцээнүүд цуцлагдаж, түүний их сургуулийн тамирчны замнал эрт өндөрлөсөн билээ. Хожим нь Юта мужийн их сургуульд сайн дурын туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрбээр ийнхүү сошиал сүлжээнд хийсэн нэгэн хошигнолоосоо болж шүүмжлэлийн бай болоод байна.