UFC-ийн ертөнцөд «Арслан зүрхт» хэмээн алдаршсан, холимог тулааны спортын ахмад тамирчин Энтони Смит Небраска муж улсад баривчлагдсан талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Сарпи тойргийн цагдаагийн газраас түүнийг гэрт нь байхад нь баривчилсан бөгөөд одоогоор тэрээр цагдан хоригдож байгаа юм.
Энтони Смит нь террорист заналхийлэл, нэгдүгээр зэргийн хууль бусаар хорих, болон нэгдүгээр зэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан гэх гурван ноцтой гэмт хэргийн зүйл ангиар буруутгагдаад байна. Шүүхийн баримт бичигт дурдсанаар, уг хэргийн хохирогч нь Смитийн эхнэр болохыг тогтоожээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул хэрэг явдал яг ямар нөхцөл байдлын улмаас үүссэн нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч эх сурвалжуудын мэдээлснээр, түүнийг баривчлах зөвшөөрөл гарсны дараа Смит өөрөө цагдаагийн байгууллагад ирж тушаагдан, баривчлагдсан байна.
Өдгөө 38 настай Смит нь нийт 59 мэргэжлийн тулаанд оролцсон арвин туршлагатай тамирчин бөгөөд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард зодог тайлсан юм. Тэрээр тулааны спортоо орхисныхоо дараа UFC-ийн нэвтрүүлгийн багт шинжээчээр ажиллаж байв. Энэ нь түүний хувьд хуулийн байгууллагатай холбогдсон анхны тохиолдол болж байна.
Сануулахад, UFC-ийн хүнд жингийн тулаанч Жаирзиньо Розенструик мөн энэ онд Майами хотод гэр бүлийн хүчирхийлэл болон хууль бусаар хорьсон хэргээр баривчлагдаж байсан ч, хохирогч гэгдсэн хүн мэдүүлэг өгөхөөс татгалзсаны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан удаатай. Энтони Смитийн хувьд өмнө нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын талаар нээлттэй ярьж байсан удаатай бөгөөд 2020 онд гэрт нь халдаж орсон этгээдтэй тэмцэлдэж байсан түүхтэй билээ.