UFC холбоо хоёр жилийн дараа эргэн Юта мужид очиж, 10 дугаар сарын 3-нд UFC 332 эвентээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус үдшийн гол тулааныг хараахан албан ёсоор зарлаагүй байгаа ч хэд хэдэн сонирхолтой тулаанууд товлогджээ.

ESPN Brazil-ийн мэдээлснээр UFC-ийн хөнгөн жингийн аварга асан Рафаэль дос Аньос хоёр жилийн хугацаанд октагоноос хол байсны эцэст энэ үеэр эргэн ирэх гэж байна. Мэргэжлийн дэвжээнд 32-17 амжилттай, өдгөө 41 настай Бразил ветеран тамирчин энэ удаад хагас дунд жинд анх удаа хүч үзэх гэж буй залуу тулаанч Александр Эрнандес-тай тулалдах юм.

Дос Аньосын хувьд сүүлийн жилүүдэд бэртэл гэмтэлтэй олон удаа нүүр тулсан. Тэрбээр хоёр жилийн өмнө UFC 308 дээр Жефф Нилтэй тулалдах үеэрээ өвдгөндөө хүнд гэмтэл (чагтан холбоос болон жийргэвч мөгөөрсний урагдал) авч, нэгдүгээр үед техникийн нокаутаар ялагдаж байв. Уг гэмтлийг эмчлүүлэхийн тулд 2024 оны 11 дүгээр сард Бразилд хагалгаанд орж, хагас жилийн дараа бэлтгэлдээ орсон ч өвдөг нь дахин түгжигдэж, Остин хотод болон энэ оны 1 дүгээр сард дараагийн хагалгаануудад дараалан орсон байна.

Өмнө нь тэрбээр 2020 онд Ислам Махачевтай тулалдахаар бэлтгэж байхдаа мөн баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж, хоёр жил завсарласны дараа 2022 онд эргэн ирж байсан түүхтэй.

UFC 332 эвентээр зөвхөн дос Аньос төдийгүй өөр нэгэн экс аварга болох Дейвесон Фигередо эргэн ирж, залуу тулаанч Пэйтон Талботтой тулалдахаар товлогдоод байна. Одоогоор 41 настай дос Аньосын тулаан үндсэн кардод багтах уу, эсвэл урьдчилсан тулаанд орох уу гэдэг нь тодорхойгүй байна.