UFC-ийн 37 настай ахмад тамирчин Нико Прайс зургаан сарын өмнө зодог тайлсан ч удахгүй болох тулаанд нэр нь гарч ирсэн нь олон хүнийг гайхшруулаад байсан юм. Тэгвэл тэрбээр ирэх 10-р сарын 10-нд болох UFC Fight Night тэмцээнд Леон Шахбазянтай хийх тулаан нь түүний карьерын хамгийн сүүлчийнх байх болно гэдгийг албан ёсоор баталлаа.

Прайс сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялагдал хүлээгээд байгаа юм. Тэрбээр хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард UFC 302 дээр Алекс Мороног шүүгчдийн саналаар буулган авснаас хойш ялалт байгуулж чадаагүй явна. Үүний дараа тэрбээр Темба Горимбо, Жакоби Смит, Николай Веретенников болон Майкл Кьеза нарт дараалан дийлдсэн бөгөөд сүүлийн дөрвөн ялагдлынх нь гурав нь хугацаанаас өмнө дууссан байна. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард UFC Seattle тэмцээнд Кьезад боолтоор ялагдсаныхаа дараа зодог тайлахаар шийдэж байжээ.

Гэвч түүний өмнөх зодог тайлалт таагүй уур амьсгалтай өнгөрсөн аж. UFC-ийн зүгээс түүнд октагонд зодог тайлах үг хэлэх микрофон өгөөгүй тул тэрбээр сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлж байв.

Харин саяхан өгсөн ярилцлагадаа Прайс UFC холбооноос өөрт нь дахин нэг тулалдах санал тавьсныг, мөн татгалзахын аргагүй үнийн санал байсан тул зөвшөөрсөн гэдгээ хуваалцжээ. Тэрбээр карьераа бүрэн дуусгасан мэт сэтгэгдэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн тулаанаар бээлийгээ бүрмөсөн хананд өлгөхөөр төлөвлөж байна.