Дэлхийн хөгжмийн салбарын тэргүүлэгч Universal Music Group (UMG) болон Warner Chappell Music (WCM) компаниуд хамтран Эквадорт Sonido Distrito Sur (SDS) хэмээх шинэ хөгжмийн компанийг үүсгэн байгуулснаа зарлалаа.
Энэхүү шинэ компани нь UMG-ийн дуу бичлэгийн дэд бүтэц болон WCM-ийн хөгжмийн хэвлэн нийтлэх (publishing) чадавхыг нэгтгэж байгаа юм. Ингэснээр Эквадорын уран бүтээлчдийг олон улсын хөгжмийн зах зээлтэй холбох, тус улсын хөгжмийн салбарыг өргөжүүлэх зорилго тавьжээ. SDS нь хөрөнгө оруулалт, уран бүтээл үйлдвэрлэл, түгээлт, маркетинг, уран бүтээлч хайж олох (A&R), олон улсын хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлийг нэгтгэн ажиллахаас гадна аялан тоглолтын үйл ажиллагааг хөгжүүлэх олон улсын түншлэлийг ирээдүйд хийхээр төлөвлөж байна.
Шинэ төслийг Эквадорын дуучин, дуу зохиогч Хуан Фернандо Веласко болон хөгжмийн салбарын менежер Рикардо Ордоньес нар удирдах аж. Тэд уран бүтээлчдийн урын сан, имиж, платформ дээрх байр суурь болон амьд тоглолтын түвшнийг цогцоор нь ахиулах “Artist Elevation” загварыг гол цөмөө болгон хэрэгжүүлэх юм.
Хуан Фернандо Веласко “Эквадорт авьяас хэзээ ч дутагдаж байгаагүй. Гагцхүү тэр авьяасыг олон улсын зах зээлийн боломжуудтай холбох бүтэц л үгүйлэгдэж байсан” хэмээн онцолжээ.
SDS нь энэ сарын эхээр болсон Sayce Music Week арга хэмжээний үеэр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цаашид Андын бүс нутагт томоохон байр суурь эзэлж, Эквадорын уран бүтээлчдийг Перу, Колумб, Төв Америк зэрэг шинэ зах зээлд гаргахаар зорьж байна.