АНУ-ын нээлттэй тэмцээн буюу US Open үргэлж чимээ ихтэй байдгаараа онцлог ч энэ жил үзэгчдийн гаргаж буй дуу чимээ тоглогчдод томоохон асуудал болж хувираад байна.

Италийн теннисчин, дэлхийн чансааны 6-д эрэмбэлэгдсэн Флавио Коболли гуравдугаар тойрогт Александр Блоксд 6-7(4), 6-3, 6-0, 6-3 харьцаагаар хожигдсоныхоо дараа тэмцээний уур амьсгалын талаар санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр хожигдсон шалтгаанаа уг дуу чимээтэй холбоогүй гэдгийг тодотгосон ч Нью-Йоркийн нөхцөл байдал бусад тэмцээнээс эрс өөр байгааг онцолсон юм. Коболли "Бид үргэлж чимээгүй орчинд тоглож дассан байдаг. Энд үнэхээр өөр байна. Маш сайхан уур амьсгалтай ч хэтэрхий чанга дуу чимээтэй байгаа нь бидэнд тун хүнд байна" гэжээ. Түүнчлэн тоглогчид Нью-Йоркт ирэхээсээ өмнө иймэрхүү чимээтэй нөхцөлд илүү бэлтгэгдэх хэрэгтэй байж магадгүй гэж тэрбээр нэмж дурдсан байна.

Үүнээс өмнө Японы теннисчин Наоми Осака мөн адил үзэгчдийн ёс зүйн талаар шүүмжлэл өрнүүлсэн билээ. Тэрбээр эхний тойрогт Анастасия Захароваг 7-6(6), 7-6(3) харьцаагаар хожих үед VIP суудалд суусан инфлюенсерүүд тоглолтын дундуур бичлэг хийж, гэрэл тусгаснаас болж тоглолт түр саатсан юм. Хоёрдугаар тойрогт Катерина Синяковатай тоглох үед ч дуу чимээний асуудал үргэлжилж, шүүгч Марижана Велёвич үзэгчдийг чимээгүй байхыг удаа дараа сануулжээ. Осака энэ тухайд "Хэрэв та спортын тэмцээн үзэхээр ирж байгаа бол тухайн спортоо хүндэтгэх ёстой. Тэмцээний ёс зүйн дүрмийг уншиж танилцах нь энгийн соёл гэж бодож байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн теннисчин Адриан Маннарино онооны төлөөх тоглолт явагдаж байхад үзэгчид дундуур нь хөдөлж, ярьж байгааг шүүмжилж, талбай дээр өвсний үнэр үнэртэж, амьтны хүрээлэн шиг болж байна хэмээн ер бусын нөхцөл байдлыг тодорхойлжээ. Өмнө нь Анжелик Кербер ч онгоцны болон хотын дуу чимээ нь US Open-ийг ер бусын их чимээтэй болгодог талаар дурдаж байв.

Нөгөө талд энэхүү уур амьсгалыг эерэгээр хүлээж авдаг тамирчид ч бий. Тухайлбал, Фрэнсис Тиафо "Энэ тэмцээн маш эрч хүчтэй, их чимээтэй байдаг нь хамгийн зөв утгаараа хяналтгүй мэт санагддаг. Би үүнээс эрч хүч авдаг" гэж хэлжээ. Зохион байгуулагч USTA-ийн зүгээс гэрэл тусгах болон гялсхийх гэрэлтэй зураг авахыг хориглосон сануулгыг үзэгчдэд өгч байгаа аж.