АНУ-ын коллежийн хөлбөмбөгийн томоохон багуудын нэг болох USC Trojans-ийн ахлах дасгалжуулагч Линкольн Райлигийн ирээдүйн асуудал эргэлзээтэй болж эхэллээ. Тэрбээр багийг удирдсан таван улирлын хугацаанд Коллежийн хөлбөмбөгийн плей-оффт шалгарч чадаагүй бөгөөд сүүлийн тоглолтуудад Орегон (41-27) болон Висконсин (24-7) багуудад дараалан хожигдоод байна. Улмаар 6-2 амжилттай яваа тэд чансааны шилдэг 25-аас хасагдсан бөгөөд 2-р эрэмбэтэй Охайо Стэйттэй хийх тоглолтод дахин ялагдвал нөхцөл байдал улам хүндрэхээр байна.

Хэрэв Райлиг халбал хэн орлох вэ?

CBS Sports-ийн сурвалжлагч Жон Талтигийн мэдээлснээр, хэрэв USC Райлиг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэл Алабамагийн Кейлен Дебур орлох хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэх магадлалтай гэнэ. Дебур өмнө нь Вашингтонд USC-ийн спортын захирал Жен Кохентэй хамтран ажиллаж байсан нь энэхүү таамгийг улам лавшруулж байгаа аж.

Талти 247Sports-д өгсөн яриандаа: "Хэрэв USC өөрчлөлт хийхээр шийдвэл Алабамагийн Кейлен Дебур жагсаалтын эхэнд бичигдэнэ гэдэг нь салбарын дунд нээлттэй нууц шахуу зүйл" хэмээн онцолжээ.

Санхүүгийн асар том саад ба гэрээний нөхцөл

Гэсэн хэдий ч энэ нь тийм ч хялбар шийдэгдэх асуудал биш юм. Дебур өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрээгээ хоёр жилээр сунгаж, нийт 7 жилийн 87.5 сая ам.долларын гэрээтэй болсон бөгөөд жилийн 12.5 сая ам.долларын цалин авдаг. Түүнийг авахын тулд USC санхүүгийн хувьд өрсөлдөх шаардлагатай бөгөөд жилд 13 сая гаруй ам.доллар санал болгож магадгүй гэсэн мэдээлэл бий.

Түүнчлэн Дебур 2027 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө ажлаа орхивол Алабамад 10 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх заалттай. Хамгийн гол нь Райлиг хугацаанаас нь өмнө халахад ойролцоогоор 70 сая ам.долларын гэрээ цуцалсны төлбөр төлөх шаардлага тулгарч болзошгүй байгаа юм.

Райли өөрөө Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: "Хэрэв би энд байхыг хүсээгүй бол анхнаасаа ирэхгүй байсан. Надад явах олон боломж байсан ч энэ бол миний байхыг хүссэн газар. Би энд байх ёстой зөв хүн" хэмээн байр сууриа илэрхийлжээ.