Английн хөлбөмбөгийн Челси клуб өмсгөлийнхөө шинэ гол ивээн тэтгэгчээр крипто зах зээлийн тогтвортой коин буюу стейблкоин гаргагч компанийг сонгожээ. Тодруулбал, USDC стейблкоиныг хөгжүүлэгч Circle компани 8-р сарын 28-нд тус клубтэй гэрээ байгуулснаа зарласан байна. Энэхүү тохиролцооны дагуу 2026/27 оны улиралд Челсигийн эрэгтэй, эмэгтэй болон академийн багуудын өмсгөл дээр Circle болон USDC брэнд байрших юм.
Стейблкоин ба хөлбөмбөгийн холбоо
USDC нь үнийн хувьд нэг ам.долларт тогтвортой байхаар зохион бүтээгдсэн бөгөөд ам.долларын ханшийг дагах зориулалттай цахим хөрөнгө юм. Circle уг коиныг бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөөр баталгаажуулдаг бөгөөд нөөцийн ихэнх хэсгийг АНУ-ын богино хугацаат Төрийн сангийн үнэт цаас зэргийг эзэмшдэг засгийн газрын мөнгөний зах зээлийн санд байршуулдаг байна.
Бизнесийн гол загвар
Эдгээр нөөц хөрөнгөөс хүүгийн орлого олдог ч USDC эзэмшигчдэд уг орлогоос хуваарилдаггүй болохыг Circle-ийн нөхцөлд тодорхой тусгасан байдаг. Энэхүү зөрүү нь тус компанийн орлогын гол эх үүсвэр болдог байна. Тухайлбал, зургаадугаар сарын эцсийн байдлаар 73.3 тэрбум ам.долларын USDC зах зээлд эргэлдэж байжээ. Мөн хоёрдугаар улиралд Circle-ийн нийт 701 сая ам.долларын орлого, нөөцийн орлогын 668 сая ам.доллар нь зөвхөн нөөцийн орлогоос бүрдсэн байна. Энэ нь нийт дүнгийн ойролцоогоор 95 хувийг эзэлж байгаа юм.
Иймээс хэдий чинээ олон хүн USDC-ийг таньж мэдэн, эргэлтэд байгаа хэмжээ өснө, төдий чинээ тус компанийн хүү олох нөөцийн хэмжээ тэлдэг байна. Хөлбөмбөгийн үзэгчид болон хөгжөөн дэмжигчдэд өмсгөлийн логогоор дамжуулан брэндээ таниулах нь Circle-ийн хувьд хэрэглэгчдийн дунд танил нэр болох маркетингийн томоохон алхам болж байна.