Австралийн дуучин, ая зохиогч Vera Blue алтернатив рок хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай дуунуудын нэг болох Radiohead хамтлагийн “Creep” дууг triple j сувгийн Like A Version нэвтрүүлгийн үеэр дууллаа. Тэрээр 1992 оны энэхүү дууг цахилгаан гитар, төгөлдөр хуур болон хоолой гэсэн гурван үндсэн элементэд тулгуурлан, нам эгшгээс эхлэн өндөр фальцет хүртэл хөгжүүлэн дуулсан байна.
Дууны төгсгөл хэсэгт Vera Blue нь SOMA Laboratory-ийн бүтээсэн, амаар удирдах боломжтой, дууны эффект болон синтезаторын төхөөрөмж болох “The Pipe”-ийг ашиглан дууны өнгө аясыг илүү нууцлаг, өвөрмөц болгожээ. Дуучин бүсгүй энэхүү дууг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа, “Creep” бол сэтгэл хөдөлгөм, эмзэг мэдрэмж төрүүлэм үгтэй, жинхэнэ “эпик рок” дуу гэдгийг онцолсон байна. Тэрээр Thom Yorke-ийн анхны хувилбарыг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийн өвөрмөц, сэтгэлд хоногшим хувилбарыг бүтээхийг зорьжээ.
Vera Blue нь удахгүй гарах Modern Rituals цомогтоо багтсан “Maze” дуугаа ч мөн энэ үеэр толилуулсан байна. Түүний шинэ цомог наймдугаар сарын 21-нд Island Records/Universal Music Australia-аар дамжуулан худалдаанд гарна. Үүнтэй зэрэгцэн тэрээр Австрали даяар аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тоглолт наймдугаар сарын 21-нд Брисбэн хотын Princess Theatre-т эхэлж, наймдугаар сарын 28-нд Перт хотын The Rechabite-д өндөрлөх юм.
Жинхэнэ нэр нь Celia Pavey болох Vera Blue нь анх ардын дууны уран бүтээлчээр гараагаа эхэлж, The Voice Australia шоуны финалд шалгарч байсан түүхтэй. Тэрээр 2016 оноос хойш Vera Blue нэрээр уран бүтээлээ туурвих болсон бөгөөд 2017 онд гаргасан Perennial цомог нь ARIA цомгийн чартын 6-р байрт орж байв. Мөн тэрээр Flume-тэй хамтран гаргасан “Rushing Back” дуугаараа Billboard-ын Hot Dance/Electronic Songs чартын 12-р байрт бичигдэж байсан амжилттай юм.