Тансаг зэрэглэлийн утас үйлдвэрлэгч Vertu компани CEOs болон топ менежерүүдэд зориулсан хиймэл оюун ухаантай (AI) эвхдэг утас худалдаанд гаргахаар болсноо зарлалаа. Уг утасны үнэ 6880 ам.доллараас эхлэх бөгөөд Монгол төгрөгөөр ойролцоогоор 24 сая төгрөг болж байна.

Vertu нь тансаг материал, өвөрмөц дизайн, өндөр үнээрээ дэлхий дахинд танигдсан брэнд юм. Тэдний шинэ бүтээл нь open-source Hermes төсөл дээр суурилсан бөгөөд хиймэл оюун ухааны туслах систем, аж ахуйн нэгжийн интеграци, мэдээж тансаг зэрэглэлийн материалаар хийгдсэн байна. Уг утас нь бизнесийн удирдахуйд туслах, ажлын процессыг оновчтой болгох зорилготой.

Тодруулбал, энэхүү утас нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн ажлыг хөнгөвчлөх, мэдээллийг хурдан шуурхай олж авах, уулзалтыг төлөвлөх, имэйлийг шүүх зэрэг олон төрлийн функцийг гүйцэтгэх боломжтой. Мөн том компаниудын дотоод системтэй холбогдож ажиллах боломжтойгоор бүтээгдсэн байна.

Vertu-гийн төлөөлөгчийн хэлснээр энэ утас нь зөвхөн утас биш, харин бизнесийн удирдагчдын ажлыг илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгох хэрэгсэл юм. Гэхдээ 24 сая төгрөг гэдэг нь манай улсын хувьд тансаг хэрэглээний зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Энэхүү утас Монголын зах зээлд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөхийг цаг хугацаа харуулах биз ээ.