Их Британийн алдартай электро-рок хамтлаг Wargasm шинэ уран бүтээлийн гараагаа эхэлж байгаагаа зарлалаа. Милки Вэй (Milkie Way) болон Сэм Мэтлок (Sam Matlock) нараас бүрдэх тус хамтлаг Hopeless Records студитэй хамтран ажиллах гэрээ байгуулснаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Энэхүү шинэ хамтын ажиллагааны хүрээнд тэд "Get Down" хэмээх эрч хүчтэй шинэ синглээ цацлаа. Энэ нь өнгөрсөн оны долдугаар сард гарсан "Small World Syndrome" дуунаас хойшхи тэдний анхны бүтээл юм. Шинэ дууны хувьд электро хөгжмийн хэмнэл болон гитарын хүчтэй дуугаралтыг хослуулсан бөгөөд тус хамтлаг энэхүү уран бүтээлээрээ дамжуулан тусгаарлагдмал байдал, үхэл хагацал болон зугтах хүсэл зэрэг сэдвүүдийг хөнджээ.

Wargasm хамтлаг шинэ уран бүтээлийнхээ хүрээнд ес болон аравдугаар сард Хойд Америкийг тойрон аялах аялан тоглолтоо эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү аялан тоглолтын үеэр тэд Scene Queen-ийн тоглолтыг дэмжин оролцох юм. Аялан тоглолт есдүгээр сарын 15-нд АНУ-ын Атланта хотоос эхэлж, аравдугаар сарын 25-нд Флорида мужийн Орландо хотод өндөрлөх хуваарьтай байна.

Хамтлагийн гишүүн Сэм Мэтлок өмнө нь өгсөн ярилцлагадаа тэд шинэ бүлэг эхлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм. Тэд өмнө нь 2023 онд "Venom" нэртэй анхны цомгоо гаргаж байсан бөгөөд тус цомогт Фред Дёрсттэй хамтарсан "Bang Ya Head" дуу багтсан билээ.