Дэлхийн хөгжмийн салбарын аварга Warner Music Group (WMG) компанийн гүйцэтгэх захирал Роберт Кынль 2023 оны эхээр албан тушаалаа авснаас хойш тус компанид томоохон өөрчлөлтүүд хийгдсээр байна. Мадонна, Майли Сайрус, Бурна Бой зэрэг дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчдийн ард байдаг тус компани зардлаа танах, байгууллагын бүтцээ шинэчлэх, удирдлагын багтаа өөрчлөлт оруулах зэрэг хүндхэн алхмуудыг хийжээ.

Наймдугаар сарын 5-нд болсон санхүүгийн тайлангийн хурал дээр Роберт Кынль хөрөнгө оруулагчдад хандан, сүүлийн гурван жилийн хугацаанд хийгдсэн нийт 600 сая гаруй ам.долларын зардлын таналт болон стриминг түншүүдтэй хийсэн шинэ гэрээнүүд нь компанийн урт хугацааны стратегийн нэг хэсэг болохыг онцолжээ. Тэрээр эдгээр алхмууд нь бодит үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд эерэг хандлагатай байгаа бөгөөд улирлын орлого 10 хувиар өсөж, 1.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дотор дижитал орлого 11 хувиар нэмэгдэж 1.25 тэрбум ам.доллар болжээ. Ялангуяа дуу хөгжмийн стриминг үйлчилгээнээс олсон орлого 12 хувиар өсөж, 1 тэрбум ам.долларыг давсан нь гол түлхэц болсон байна.

Удирдлагын түвшинд гарсан өөрчлөлтүүдийн тухайд, санхүү хариуцсан захирал (CFO) бөгөөд үйл ажиллагаа хариуцсан захирал (COO) Армин Зерза гэнэт ажлаасаа гарсан нь анхаарал татлаа. Түүний оронд Луис Диклер санхүү хариуцсан захирлын үүрэг гүйцэтгэгчээр, Том Корсон компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус томилогдов.

Зах зээлийн хувьд Warner Music Group-ийн АНУ-ын зах зээл дэх байр суурь өсөж, сүүлийн 18 сарын хугацаанд гарсан дуу хөгжмийн зах зээлд эзлэх хувь нь 0.8 хувиар нэмэгдсэн байна. Үүнд Стелла Лефтигийн "Boston" дуу болон Шакира, Бурна Бой нарын хамтарсан FIFA-гийн ДАШТ-ий албан ёсны дуу "Dai Dai" зэрэг бүтээлүүд эерэг нөлөө үзүүлжээ. Тус компани 2026 оны сүүлээр Алекс Уоррены шинэ уран бүтээлүүдийг гаргахаар төлөвлөж байна.